Өнөөдөр /2019.02.21/ МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Очирхуяг 2018 оны үр дүнгийн гэрээний биелэлтээр сайн болон хангалттай үнэлгээ авсан МУИС-ийн Математикийн хүрээлэнгийн захирал Ү.Отгонбаяр, Цөмийн физикийн судалгааны төвийн захирал Ц.Энхбат, Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн захирал Т.Чулуун, Түрэг судлалын хүрээлэнгийн захирал Ц.Баттулга нартай 2019 оны үр дүнгийн гэрээ байгууллаа.
2019 оны үр дүнгийн гэрээнд 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, МУИС-ийн 2016-2024 оны стратегийн төлөвлөгөөний зорилтуудын хүрээнд гүйцэтгэх даалгавар, 2019 онд хүрэх шалгуур үзүүлэлтийг тусгаж өгсөн.
Үр дүнгийн гэрээ байгуулах үйл ажиллагааны үеэр МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Д.Бадамдаш нар цаашид МУИС-ийн судалгааны хүрээлэн, төв судалгааны төсөлд оролцох профессоруудын оролцоог өргөжүүлэх, гадаадын өндөр хөгжилтэй орнуудад судалгаа хийж байсан докторын дараах судлаачдийг өргөнөөр оролцуулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, брэндингийн бодлогыг баримтлахад онцгой анхаарахыг зөвлөв. Харин хүрээлэн, төвийн захирлууд магистр, докторын сургалтад өөрсдийн боломжит хувь нэмрийг оруулах талаар санал өглөө.