Өнөөдөр /2019.02.27/ МУИС-ийн нийгэм, хүмүүнлэг болон бусад салбарын багш, докторант оюутнууд судалгаа шинжилгээний мэдээлэл боловсруулах, эмпирик материалд дүн шинжилгээ хийх, холбогдох мэдээллийн санг бүрдүүлж ашиглах зориулалт бүхий иж бүрэн тоноглолтой, зориулалтын програм хангамж бүхий салбар дундын лаборатори нээлтээ хийлээ.
Дата төвийн лабораторийн нээлтэд БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат оролцож үг хэллээ.
МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар тус лабораторийн нээлтэд хэлсэн үгэндээ МУИС нь байгалийн ухааны салбарын олон лабораторийг шинээр ашиглалтад оруулсан. Энэ удаад бид нийгэм, хүмүүнлэгийн ухааны дата төвийн лабораторийг ашиглалтад оруулж байна гэв.
МУИС-ийн Дата төвийн лаборатори нь хэд хэдэн үндсэн чиглэлийн хүрээнд үйл ажиллагаа явуулах юм. Үүнд:
Тоон хийгээд чанарын судалгааны анхдагч мэдээллийг боловсруулах;
Импакт фактор бүхий сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэхэд дэмжлэг болох;
Мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх;
Салбар дундын судалгааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
Эмпирик анхдагч мэдээлэл цуглуулах орчин, нөхцөлөөр хангах;
Суралцагсдыг судалгааны арга зүй, дүн шинжилгээний чиглэлээр чадавхжуулах;
Нийгмийн энтерпрайз, инновацийн санаачилгыг дэмжих, суралцагсад мэргэжлийн чиглэлээр цагийн хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх.
Дата төвийн лаборатори нь өндөр хүчин чадал бүхий компьютер, тоон судалгааны мэдээлэл боловсруулах SPSS, STATA, чанарын мэдээлэл боловсруулах Nvivo, QDA зэрэг албан ёсны зөвшөөрөлтэй програм хангамжтай, ярилцлага хийх, зөвлөгөө өгөх тасалгаа, хэлэлцүүлгийн зориулалттай лего ширээ, сандал, хэвлэмэл мэдээлэл хадгалах шүүгээ, проектор, дэлгэц зэрэг шаардлагатай бүхий л тоног төхөөрөмжөөр тоноглогджээ.
МУИС-ийн профессор О.Мөнхбат тус лабораторийг санаачилан, МУИС-ийн төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалт болон өөрийн удирдаж буй БНСУ-ын KOICA сангийн төсөл, Азийн хөгжлийн банкны “Дээд боловсролын шинэчлэл” төслүүдээс хөрөнгө оруулалт оруулж энэхүү лабораторийг ашиглалтад оруулж байгаа юм.
Лаборатори МУИС-ийн Номын сангийн 207 тоотод байрлаж байна.