НШУС-ийн захирал доктор, профессор Г.Эрдэнэбаяр энэ сарын 18-23-ны хооронд БНСУ-ын Чунгбукын Үндэсний Их Сургуулийн Нийгмийн Шинжлэх Ухааны Коллеж, Пусаны Үндэсний Их Сургуулийн Нийгмийн Шинжлэх Ухааны Коллеж ба Хүмүүнлэгийн Ухааны Коллежид тус тус ажиллаад ирлээ. Ажлын айлчлалын дүнд Чунгбукын Үндэсний Их Сургуулийн ректор Др. Kim Seung-Taik, Нийгмийн Шинжлэх Ухааны Коллежийн декан, профессор Lee Ki-Joo нартай уулзан ажил хэргийн яриа өрнүүлэв. Жил бүрийн 4 дүгээр сарын 19-ний өдрийг Чунгбукын Үндэсний Их Сургууль дахь “Монгол оюутны өдөр” болгон тэмдэглэхээр тогтжээ. Чунгбукын Үндэсний Их Сургуульд одоогоор 45 монгол оюутан сурдгаас Нийгмийн Шинжлэх Ухааны Коллежэд 9 оюутан суралцаж байна.
Чунгбукын Үндэсний Их Сургуулийн Нийгмийн Шинжлэх Ухааны Коллежтой хамтарсан зуны сургалт зохион байгуулж хоёр талаас харилцан 10 оюутан солилцохоор тогтов. Уг зуны сургалт нь 10-14 хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд хоёр сургуулийн оюутнууд харилцан хоёр орны нийгэм, түүх, соёл, зан заншил, эдийн засаг, улс төрийн мэдээлэл, мэдлэг олгох лекц уншиж, соёлын хөтөлбөрт хамрагдана. Мөн Чунгбукын Үндэсний Их Сургуулийн улс төр, олон улсын харилцаа, төрийн удирдлага, сэтгэл судлал, социологийн салбарт багш, оюутан солилцохоор тогтов.
МУИС-ийн НШУС Чунгбукын Үндэсний Их Сургуулийн Нийгмийн Шинжлэх Ухааны Коллеж “International Social Science Forum”-ыг 2008 онд хамтран зохион байгуулж байсан билээ. Уг олон улсын форумыг энэ оны 7 дугаар сард дахин зохион байгуулж, цаашид жил бүрт тогтмол зохион байгуулж байхаар тогтов. Уг форумд хоёр сургуулиас багш, судлаач, докторант оролцсон тус бүр 10-аас доошгүй бүрэлдэхүүнтэйгээр оролцох юм.
Пусаны Үндэсний Их Сургуулийн орлогч ректор, профессор Ha Chang-Sik, Гадаад харилцааны албаны декан, профессор Lee Kab-Soo нартай уулзан ажил хэргийн яриа өрнүүлж, тус их сургуулийн социологи, нийгмийн ажил, сэтгэл судлал, сэтгүүл зүй, улс төр, гүн ухаан, түүх, археологи, антропологи зэрэг салбарт багш, оюутан харилцан солилцохоор тогтож, тус сургуулийн Нийгмийн Шинжлэх Ухааны Коллежийн декан, профессор Song Jung-Sook-тэй хоёр сургуулийн хамтын ажиллагааны гэрээг үзэглэв. Уг гэрээгээр хоёр талын харилцаа хамтын ажиллагааны олон асуудлыг харилцан тохирсны дотор хоёр сургуулийн ижил төстэй салбарын хүрээнд төгсөлтийн дараах сургалтын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр тогтов. Тухайлбал социологи, нийгмийн ажлын салбарт магистрын зэрэг олгох хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, уг ажлыг зохион байгуулах хамтарсан ажлын хэсэг зохион байгуулахаар болсон юм. Мөн Пусаны Үндэсний Их Сургуулийн Хүмүүнлэгийн Ухааны Коллежийн декан, профессор Kim Sung-Jin-тэй хоёр сургуулийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, хоёр сургууль хамтран Ази судлалын талаар судалгааны төсөл хэрэгжүүлэх, гүн ухаан, шашин, түүх, археологи, антропологи, нийгмийн соёл, улс төр, социологи, сэтгүүл зүй, сэтгэл судлалын салбарт магистр, докторт оюутан суралцуулахаар тогтлоо.Мөн 2012 оны 8 дугаар сарын 27-нд Азийн Философичдын Холбооны олон улсын бага хурлыг МУИС-д зохион байгуулах ажилтай холбоотой асуудлаар тус холбооны ерөнхийлөгч бөгөөд Пусаны Үндэсний Их Сургуулийн Хүмүүнлэгийн Ухааны Коллежийн профессор Choi Woo-Won-той хурлын зохион байгуулалт, холбогдох бусад асуудлаар санал солилцов.