МУИС-ийн төгсөгчдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор МУИС-ийн Оюутанд үйлчлэх төвөөс “JOB FAIR” өдөрлөгийг өчигдөр Монгол- Японы төвийн Их танхимд зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр Нийслэлийн хөдөлмөрийн газар, Улсын хөдөлмөрийн бирж, Бодь групп, Голомт банк, Хадгаламж банк, Хаан банк, Хас банк, Худалдаа хөгжлийн банк, Энержи ресурс, Дэлхийн зөн ОУ-ын байгууллага, Мөнхийн үсэг, Таван богд, Жигүүр гранд, Сод монгол групп зэрэг манай улсын нэр хүндтэй шилдэг 40-өөд байгууллага аж ахуйн нэгжүүд өөрсдийн байгууллагын танилцуулгаа оюутан залууст хүргэж, мөн хүний нөөцийн бүрдүүлэлтээ хийх зорилгоор анкет авч байсан юм.
Өдөрлөгт МУИС-ийн Эрдэм Шинжилгээ Иновацийн асуудал эрхэлсэн дэд захирал Ч.Ганзориг, МХСС-ийн захирал Ж.Баянсан, НШУС-ийн захирал Г.Эрдэнэбаяр, ББС-ийн захирал Н.Батхүү, ХХИС-ийн захирал Б.Очирхуяг, ГХСС-ийн захирал Д.Бадмаанямбуу, ХС-ийн захирал Ж.Октябрь болон Нийслэлийн хөдөлмөрийн газрын дарга н.Батсайхан, Улсын хөдөлмөрийн төв биржийн захиргааны албаны дарга н.Маргад нар хүрэлцэн ирсэн юм.
Энэхүү өдөрлөг нь оюутнуудад мэргэжлийнхээ дагуу монголын топ байгууллагуудад ажилд ороход нь маш том дэмжлэг болсны дээр тухайн байгууллагуудын хувьд ч мөн адил шинэхэн төгсөж буй чадварлаг боловсон хүчнээр хамт олноо бүрдүүлэх боломжийг олгосноороо ихээхэн ач холбогдолтой байлаа. Өдөрлөгт хүрэлцэн ирсэн оюутан залуусын дийлэнхи нь ажилд орох хүсэлт гаргаж анкет бөглөж байсан бөгөөд зарим нь хүссэн байгууллагатай мэргэжлээрээ ажиллах болсондоо маш их баяртай байгаагаа ч илэрхийлж байсан юм. Мөн энэ үеэр МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд өөрсдийн танилцуулга мэдээллийг өдөрлөгт оролцож буй байгууллага аж ахуйн нэгжүүд, сонирхсон хүмүүст хүргэж байв. Энэ нь тухайн байгууллагын хүний нөөцөд шаардлагатай ямар мэргэжилтэн, төгсөгчийг олж болох вэ, ямар мэргэжлийн ямар ангиудаар мэргэжилтэн бэлтгэж гаргаж байна вэ гэдгээ дэлгэрэнгүй танилцуулан хамтран ажиллах, төгсөгч оюутнуудаа зуучлах боломж нөхцөлийг бүрдүүлж өгч байсан юм.