Мэн Шяосугийн “Хятадын хөгжил цэцэглэлтийг хөдөлгөгч өөрчлөлт шинэчлэл” лекцийг тоймлон хүргэж байна

Share Button
БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн корпорацийн удирдах зөвлөлийн дарга, Хуйли сангийн  Удирдах зөвлөлийн дарга, БНХАУ-ын үйлдвэр худалдаа эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх дэд дарга Мэн Шяосугийн МУИС-д зочилж уншсан лекцийн тоймыг хүргэж байна.

УЛСАА ХӨГЖҮҮЛЭХ МӨРӨӨДӨЛ, ХӨГЖИЛ ШИНЭЧЛЭЛТ

Миний хувьд 1977-1981 оны хооронд одоогийн  Хятад улсын ерөнхий сайдтай хамт Бээжингийн их сургуульд суралцдаг байсан. Тухайн үедээ бид нийгмийн идэвхтэй оюутнууд байлаа. Бид үргэлж улс орноо яавал хөгжүүлэх вэ гэдэгт санал солилцдог байсан юм. Тухайн үед төрөөс маш зөв бодлогуудыг авч хэрэгжүүлдэг байсан. Бид ч тэр ажлуудад  хамтран оролцдог байлаа. Би “Зах зээлийн эдийн засгийг хурдацтай хөгжүүлэх” сэдвээр магистрын төгсөх өгүүллээ бичсэн байдаг. Тэр өгүүлэл тухайн үедээ араасаа их шүүмжлэл дагуулсан. Цаг хугацаа өнгөрч миний тэр өгүүлэл бодит байдлаа олсон юм. Одоогийн байдлаар Хятад улс гадаад бодлогыг тэргүүнд тавин ажиллаж байна. 1978 онд Хятадын ДНБ 245 тэрбум ам.доллар байсан. Харин одоогийн байдлаар 13 их наяд ам.доллар болж өссөн байна. Ингэж өссөн нь Хятад улс эдийн засгийн асуудлыг тэргүүнд тавьсан төрийн бодлоготой хамааралтай юм. Хятад ус 1.3 тэрбум хүнээ хотжуулах төрийн бодлого явуулж байна.  Цаашдаа ч БНХАУ-ын өөрчлөлт шинэчлэлт тууштай хийгдэнэ.

ӨСӨЛТИЙН ШИНЭ ТУЛГУУРЫГ ОЛОХ БОЛОН ҮЛ ХӨДЛӨХ САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ТУХАЙ

Бидний үл хөдлөх салбарын өөрчлөлт шинэчлэлийн ажил нь гадаадын бодлогоос суралцахаас эхэлсэн. 1996 оны үед Хятадад эдийн засаг сайжирч иргэдийн худалдан авах чадвар дээшлэн унадаг дугуй, цахилгаан барааг ихээр худалдан авч байсан. Энэ худалдан авалт  хангалтгүй санагдаж, иргэд цаашлаад үл хөдлөх хөрөнгө, машин зэргийг худалдан авах хэрэгтэй гэж бодоход хүргэсэн. Тэгээд би 1997 оны арванхоёрдугаар сард “Америк мөрөөдлийг Хятад мөрөөдөл болгох” гэсэн үзэл бодлоо илэрхийлсэн. Тэгсний эцэст дөрвөн яамын хамтарсан орон сууцны бодлого боловсруулах ажлын хэсэг байгуулж, намайг ахлахаар нь тавьсан юм. 1998 онд хотын иргэд орон сууцаа өөрийн өмч болгосон. Уг ажил тасралтгүй үргэлжилж 2016 он гэхэд хотын иргэдийг орон сууцжуулах ажил эрчимтэй хөгжиж хотын иргэн тус бүр дунджаар 36.6 метр квадрат орон сууцанд амьдарч байна. Нэг айл өрхийн дундаж орон сууцны талбайн хэмжээ 100 метр квадратад хүрсэн байна. Түүнчлэн Хятадын үл хөдлөх хөрөнгө сүүлийн 20 жилийн дотор гэхэд 40 дахин өсч, эдийн засаг 10 дахин өссөн байдаг. Үл хөдлөхийн салбар нь өөрөөсөө гадна 100 гаруй салбаруудын хөгжлийг дуудсан. Үүнд гангийн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, химийн үйлдвэрлэл гэх мэт олон салбарт үүдийг нь нээсэн. Үүгээр зогсохгүй цухас дурдахад Хятад улс өнөөдөр Америк, Орос улсын эрчим хүнсний үйлдвэрлэлийн нийт хэмжээнээс давсан, авто машин үйлдвэрлэлийн 25 хувийг эзэлж байна. Энэ бүх амжилт нь улс орны эдийн засгийн урт хугацааны тогтвортой бодлоготой шууд хамааралтай юм.

ОРОН СУУЦНЫ ҮНИЙН ӨСӨЛТ, ХӨРӨНГӨЖСӨН БАЙДАЛ

Хятадын орон сууцны үнэ 30 жилийн хугацаанд жилд дунджаар 10.5 хувь өссөн. Миний үзлээр ирээдүйд орон сууцны үнэ тогтвортой өснө гэж үзэж байна. Үнийн өсөлтөд нөлөөлөх гол зүйл бол М2 мөнгөний нийлүүлэлт юм. Хятад улс мөнгөний нийлүүлэлтийг анхааран ажиллаж ДНБ-ий өсөлтийг 2 дахин их байлгах бодлого хэрэгжүүлж байгаа. Монгол Улс бол Хятад улстай адилхан хөгжиж буй орны нэг тул мөнгөний нийлүүлэлтийн хэмжээгээ маш зөв тодорхойлох ёстой. Анх орон сууцны бодлогыг хэрэгжүүлж эхлэх үедээ багш нарт зориулсан хөнгөлттэй үнээр орон сууц худалдсан нь зөв зүйл байсан. Өөрөөр хэлбэл тухайн үед 1,900 юань буюу 300 доллараар 2,000 гаруй багшид орон сууц хөнгөлттэй үнээр нийлүүлсэн. Орон сууц өссөнөөр Хятад улсын иргэдийн өмчийн хэмжээ, өрх гэр бүлийн хөрөнгийн хэмжээ дэлхийд 2-т жагсаж байна. 66 хувь нь үл хөдлөх хөрөнгө буюу орон сууц байгаа юм. Хэдийгээр зах зээл дээр орон сууцны үнэ өсөж байгаа ч бид бага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах тал дээр их анхаарч ажилласан. Ингэхдээ дараах дөрвөн бодлогыг  хэрэгжүүлсэн.

  1. Бага орлоготой иргэдэд зориулсан түрээсийн байр
  2. Дунд орлоготой иргэдэд зориулсан түрээсийн байр
  3. Иргэд, засгийн газар хоорондын дундын өмч бодлого /Уг бодлогыг хэрэгжүүлж, иргэд зах зээлээс хямд үнээр орон сууц эзэмшсэнээр газрын үнэ, орон сууцны үнэ дагаж хямдарсан /
  4. Орон сууцаа барьцаалан тэтгэмж авах бодлого /Хятад улсад одоогийн байдлаар өндөр настай 250 сая хүн байдаг бөгөөд уг бодлого шууд үр дүнгээ өгчээ/

ХОТЖИЛТ БА ТАРИАЧИН ХОТОД ОРЖ СУУРЬШИХ ТУХАЙ

Ойрын хугацаанд гэхэд 100 сая тариачин хотод суурьшсан. Хотжилтын асуудлыг хууль дүрэмд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, газрын зөвшөөрлийн бодлогыг хэрэгжүүлснээр тариачид газраа барьцаанд тавьж орон сууц худалдаж авах хууль санаачилсан. Хятадын засгийн газрын тогтвортой бодлого нь Хятадын эдийн засгийг өсгөнө. Хятад улсыг хотжилтын бүсээр нь гурав ангилдаг. Одоо ч гэсэн Хятадын засгийн газраас тариаланчид хотод орж суурьших бодлого барин ажиллаж байна. Төрийн бодлогын хүрээнд 2020 он гэхэд онцлогт суурилсан 1,000 орон нутгийн жижиг тосгон барж байгуулах ажил хийгдэж байна.

ХЯТАД, АМЕРИКИЙН ХУДАЛДААНЫ ДАЙН, СТРАТЕГИЙН БОЛОМЖ

Анх Трамп Хятадын бараа бүтээгдэхүүн дээр гаалийн татварыг нэмнэ гэснээр худалдааны дайн эхэлсэн. Миний хувьд үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг учраас Америк, Нью-Йорк үл хөдлөхийн нийгэмлэгтэй нягт харилцаатай байдаг. Харин 2018 оны арванхоёрдугаар сард Трамп, Ши Жиньпин дарга уулзахдаа худалдааны хэлэлцээрээ дахин эхлүүлэхэд санал нэгдсэн. Хятадын засгийн газраас импортоо нэмэгдүүлэх санал тавьсан. Яагаад гэвэл Хятадын ард иргэдийн тэрбум 500 сая гаруй хүн ам импортын барааг хэрэглэхийг хүсэж байгаа. Дараагийн нэг ярих зүйл бол юанийн ханшийн өсөлт. Юанийн үнэ улам илүү өсөх шаардлагатай байна. Учир нь юанийн ханшийн өсөлт нь Хятадын эдийн засагт өгч байгаа үр өгөөж нь муу нөлөөнөөс их байна гэж үзсэн учраас тэр юм.

“НЭГ БҮС, НЭГ ЗАМ” БОДЛОГО

2016 онд  БНХАУ-ын дарга Ши Жиньпин санаачилсан “Нэг бүс нэг зам” бодлогын гол зорилго нь хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц байдал, бүс нутгаараа хамтдаа хөгжих юм. Тэр утгаараа Хятад улс олон улсын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлагатай байгаа. Жишээ  нь: Филиппин улсад гэхэд 2018 оны арванхоёрдугаар сард 8 сая тонн үйлдвэрлэлийн хүчин чадалтай гангийн үйлдвэр байгуулах бүтээн байгуулах ажил эхэлсэн. Гангийн үйлдвэрлэл байгуулах ажлыг Монгол Улсад ч гэсэн хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Би Монголын эдийн засгийн талаар судалсан. Монгол бол өргөн уудам нутагтай, байгалийн баялаг ихтэй улс. Газар доорх баялгаа хараад суухаас илүүтэй газар дээрх баялгаа ашиглах хэрэгтэй. Хятад улс Монгол улстай сайн хөрш, сайн түнш, сайн найз байх бодлогыг дэвшүүлсэн. Иймд Хятад, Монгол хоёр харилцан хамтран ажиллаж, хамтын хөгжилд хүрэхийг бэлгэдэж байна хэмээн лекцээ дуусгасан юм.

Эх сурвалж: ikon.mn