МУИС-ийн дөрвөн багш, судлаач Япон Улсад докторын хөтөлбөрт суралцах батламжаа гардаж авлаа

Share Button

Өнөөдөр /2019.03.15/ Монгол Улсын Их Сургуулиас “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Японы хамгийн шилдэг их сургууль болох Токиогийн их сургууль, Каназавагийн их сургууль, Миазакагийн их сургуульд 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн суралцах Б.Сүхбаатар, М.Батпүрэв, Б.Ариунсанаа, У.Уянгаа нарын 4 багш, судлаач докторын хөтөлбөрт хамрагдах батламжаа гардан авлаа.

Батламж гардуулах ёслолын ажиллагаанд БСШУСЯ, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын холбогдох удирдлагууд болон ИТДБ төслийн баг, МУИС, ШУТИС-ийн удирдлагууд оролцсон юм.

Монгол Улсын Засгийн газраас санаачлан Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 2014-2024 онд хэрэгжих “Инженер, технологийн дээд боловсрол” буюу олон нийтийн дунд “Мянган инженер” хэмээн танил болсон төсөл нь Монгол Улсын Засгийн газраас баталсан “Судалгаанд суурилсан их сургуулийн хөтөлбөр”-ийн хэрэгжилт болон МУИС-ийг судалгааны их сургууль болох улмаар Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд нэгдэн орох стратегийн зорилгыг биелүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа төдийгүй Монгол Улсын шинжлэх ухааны хөгжилд түүхэн үүрэг гүйцэтгэх ач холбогдолтой төсөл юм. Уг төслийн хүрээнд манай сургууль судалгааны тэргүүлэх дөрвөн чиглэлийн хүрээнд хамтарсан судалгааны 10 төслийг амжилттай  хэрэгжүүлж байгаа бөгөөд төсөл хэрэгжиж эхэлснээс хойших 5 жилийн хугацаанд Япон Улсын шилдэг их дээд сургуулиудад зэргийн сургалтад 32, /Доктор-19, Магистр-13/ зэргийн бус сургалтад 113 багш судлаач тус тус хамрагдсан байна.

“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн чухал зорилтын нэг нь Монгол Улсад инженер, техникийн мэргэжлийн чиглэлээр шилдэг боловсон хүчин хүний нөөцийг бэлтгэх асуудал бөгөөд тус төслийн хүрээнд суралцахаар явах гэж байгаа багш, судлаачид нь Монгол эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийг олон улсад таниулах, оюуны өмч бий болгох, их сургуулийг түшиглэсэн гарааны компанийг үүсгэн байгуулах зэргээр мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэхэд өндөр үүрэг, хариуцлагатай Монгол улсын шинжлэх ухаан технологийн салбарын хөгжилд түүхэн үүрэг гүйцэтгэх эрхэм хүмүүс болохыг дурдан МУИС-ийн нийт эрдмийн хамт олноос цаашдын эрдэм судлалын ажилд нь улам их амжилтыг хүсэн ерөөе.

МУИС-ийн ИТДБ төслийн ажлын хэсэг

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар