МУИС-ийн Математик Компьютерийн сургуулийн захирал Л.Алтангэрэл, Мэдээллийн Технологийн Сургуулийн захирал Ч.Лодойравсал болон ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн захирал Б.Сүхбат, Компьютерийн Техник, Менежментийн Сургуулийн захирал Г.Батхүрэл нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичигт ШУТИС, МУИС нь харилцан бие биеийн эрх ашиг,сонирхол, бие даасан байдлыг хүндэтгэн, талуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх замаар идэвхи санаачлагатай хамтран, Монгол Улсад компьютерийн ухаан, мэдээллийн технологийн мэргэжлийн өндөр боловсрол, гүнзгий мэдлэг, мэргэшсэн ур чадвартай мэргэжилтэн бэлтгэн гаргахын төлөө эрмэлзэн ажиллана гэжээ.
Ийнхүү ШУТИС, МУИС-ийн дээрхи 4 сургууль эрдэмтэн багш нарын эрдэм шинжилгээ, туршилт, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, олон нийтэд таниулах болоод МХТ- йн салбарын чиглэлийн мэргэжлийн хичээлийн агуулга хөгжүүлэлт дээр хамтран ажиллах, сургалтын асуудлаар хамтарсан хэлэлцүүлэг, семинар зохион байгуулах, зэрэг дэв хамгаалуулах зөвлөлд хамтарсан багаар оролцох, Мэдээлэл Технологийн ур чадварын үнэлгээний ОУ-ын шалгалтын ажилд хамтарсан багаар оролцох, Монгол улсад МТ-ийн боловсрол, мэргэжлийн мэдлэг ур чадварыг үнэлэх мэргэжлийн шалгалтын стандартыг боловсруулах ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх зэрэг бүхий л талаар хамтран ажиллахаар боллоо.
Энэхүү санамж бичиг нь 5 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх юм.