Дээд боловсролын болон мэргэжлийн боловсролын байгууллагуудын багшийн хөгжлийн төвийг байгуулна

Share Button

Монголын багш нарын VII их хурал Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Сайн багш сайхан ирээдүй” уриатайгаар зохион байгуулагдаж, эх орны ирээдүйн эздийг бэлтгэгчид Төрийн ордонд хоёр өдөр чууллаа.

Монголын 47.8 мянган багшийн төлөөлөл ийнхүү 23 жилийн дараа салбарынхаа асуудлыг нухацтай, нээлттэй хэлэлцэж, бодлогын баримт бичгүүдэд суулгах олон үнэт саналыг нэгтгэж чадлаа.

Хуралдаан даргалагч, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр “Бид өнөөдрийг хүртэл и-мэйл, мессеж хэлбэрээр, өөрийн биеэр болон их хурлын төлөөлөгчөөрөө дамжуулж ирүүлсэн нийт 2254 багшийн 5890 саналыг хүлээн авч нэгтгэлээ. Эдгээр саналыг давтамж, агуулгаар эрэмбэлэн ангилж, хурлаас гарах уриалга, тогтоол шийдвэрт тусгана” гэсэн юм.

Монголын багш нарын VII их хурлаас Боловсролын салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд шийдвэрлүүлэх, Боловсролын агуулга, сургалтын бодлогыг төгөлдөржүүлэх, Багшийн хөгжил, ёс зүйн талаар болон Багшийн үнэлэмж, нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр шийдвэрлүүлэх асуудал гэсэн дөрвөн хавсралт бүхий тогтоолыг гаргаж, БСШУС-ын сайдад уламжлахаар шийдвэрлэлээ. Мөн их хурлаас Монголын нийт сурган хүмүүжүүлэгчдэд хандаж долоон зүйл бүхий уриалга гаргав.

Өнөөдрийн хуралдаанд УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Н.Хүрэлбаатар нар үг хэллээ.

УИХ-ын гишүүн НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Оюунхорол “Цахим хэрэгслээр урсан орж байгаа олон төрлийн мэдээллүүдэд задлан шинжилгээ хийж хэрэгтэйг нь авч, ач холбогдол багатай хэрэгцээ шаардлагагүйг нь орхидог сэтгэлгээний боловсрол, хүмүүжил, чадвар, арга зүйд өсвөр үе, хүүхэд залуучуудыг сурган бэлтгэхэд манай багш нар шийдвэрлэх үүрэгтэй оролцох ёстой билээ. Багш нар маань энэ эгзэгтэй цаг үед сурган хүмүүжүүлэх хариуцлагатай албандаа жинхэнэ соён гэгээрүүлэгч, ертөнцийн толь гэдгээ хэзээ ч мартаж болохгүй шүү” хэмээн уриалав.

Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Н.Хүрэлбаатар өнөөдөр бид өнгөрсөн хугацаанд юу хийснээ эргэн харж байна. Дээд боловсролын байгууллагуудын хүчийг нэгтгэх, ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөр нэг байх ёстой гэж үзэж байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын сургууль гэхэд Монгол Улсын боловсролын хөтөлбөрийг ядаж сургалтынхаа 70 хувьд баримтлах ёстой гээд Ард иргэдийг соён гэгээрүүлэх, Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй хүүхэд залуучууд бэлтгэхэд багш нэг бүр сэтгэл гаргаж, зүтгэж ажиллахыг уриаллаа.

Их хурлын төгсгөлд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг үг хэлэв. Хурлын төлөөлөгчдөөс бичиж өгсөн “Нэг санаа, Нэг санал” хуудаст та бүхний олон мэргэн шийдэл туссаныг би харлаа. Бид санал бүхнийг уншиж, анхаарч ажиллана гэв.

Сурах бичиггүй хүүхдэд хичээл зааж, даалгавар өгнө гэдэг ямар хэцүүг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэднэ. Энэ асуудлыг шийдэхийн төлөө ажилласны үр дүнд БСШУСЯ, Азийн хөгжлийн банктай хамтран ажиллах санамж бичиг байгуулж сурах бичгийн хэвлэлтэд шаардлагатай 8 тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн тухай баярт мэдээг дуулгав.

Дараа нь Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаас гаргасан “Багшийн хөгжлийн дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг танилцууллаа.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛД:

-Багш нарын ээлжит их хурлыг 5 жил тутамд зохион байгуулж байх,

-Ирэх есдүгээр сарын 1-ээс эхлэн хичээл практикийн зардлыг төрөөс дааж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа багшид урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэх,

-Багш ажилтнуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх багц үзлэгт жилд нэг удаа хамруулах,

-Дээд боловсролын болон мэргэжлийн боловсролын байгууллагуудын багшийн хөгжлийн төвийг байгуулах,

-Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургуулийн багш нарыг компьютержүүлж, сургалтын зарим үйл ажиллагааг нь цахимжуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэх,

-Багшийн ажлын онцлогоос хамаарч үр дүнд суурилсан урамшуулал олгох, норм нормативаас давсан ачааллыг тооцоолж нэмэгдэл цалин олгох асуудлыг судалж, үе шаттай шийдвэрлэх зэрэг асуудлыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, ХНХ-ийн сайд Чинзориг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгасан байна.

Засгийн газрын шийдвэрийг танилцуулсны дараа их хурлын төлөөлөгчид “Мянга мянган багш нарын саналыг нэгтгэж, шийдэл гарц хайж, шинэчлэлийн салхи сэвэлзсэн үр дүнтэй хурал боллоо гэдгийг онцолж, Монгол Улсын Засгийн газар хөгжлийн тэргүүлэх салбараа боловсрол, түүний дотор багш нараа гэж үзэж байгааг нотолсон шийдвэрүүд гарчээ, бид ч их хурлаас гарсан уриалгаа хэрэгжүүлж, манлайлж ажиллая” гэдгээ илэрхийлж байлаа.