МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд ноён Шин Хайминд бараалхаж, манай хоёр улсын боловсролын салбар дахь хамтын ажиллагаа, хятадын их сургуулиуд болон Күнзийн институттай МУИС-ийн хамтран ажиллаж буй байдал, түүний үр өгөөжийн талаар ярилцаж, санал солилцлоо. Уулзалтад МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Ч.Ундрам, МУИС-ийн Күнзийн институтын удирдлагууд оролцов.
Уулзалтын үеэр захирал Я.Төмөрбаатар МУИС-ийн сургалт, эрдэм шинижилгээний орчинг дээшлүүлэх чиглэлээр БНХАУ-ын засгийн газрын 25 сая долларын хөнгөлөлттэй зээлээр барих хичээлийн 6-р байрны барилгын буулгалтын ажил эхэлсэн болон төслийн хэрэгжилтийн явцын тухай мэдээлэв. Түүнчлэн МУИС-д суралцах хүсэлтэй гадаад оюутнуудын 70 гаруй хувийг БНХАУ-ын иргэд эзэлж байгаа болон гадаад оюутны амьдрах орчныг сайжруулахад дотуур байр шинээр барих шаардлагатайг дурдав. Энэхүү барилгыг оюутнууд ганцаар болон гэр бүлээрээ амьдрах боломжтойн зэрэгцээ спортын цогцолбортой, харуул хамгаалалттай, дэлхийн их сургуулиудын жишигт нийцсэн байхаар төлөвлөж байгаа аж. Элчин сайд Шин Хаймин болон элчин сайдын яам МУИС-ийг байнга дэмжин ажилладаг, цаашид ч дэмжих бөгөөд хэрэв Монголын засгийн газар, холбогдох яамнаас дэмжлэг авсан тохиолдолд гадаад оюутны байр барихыг БНХАУ-ын тусламж дэмжлэгийн хүрээнд шийдэх боломжтойг онцоллоо.
Дашрамд дурдахад энэхүү барилгыг одоогийн гадаад оюутны хуучирсан байрыг буулгаж суурин дээр нь барихаар төлөвлөсөн бөгөөд их сургуулийн удирдлагаас анхаарал хандуулан улсын төсвөөс санхүүжүүлэхээр Засгийн газар, Сангийн яамнаас дэмжлэг авсан хэдий ч УИХ- аар батлагдаагүй юм.