Оюу толгой компани их өгөгдлийн платформд зориулж сервер тоног төхөөрөмж хандивлав

Share Button

МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Машин оюуны лаборатори (МОЛ) Оюу толгой компанитай их өгөгдлийн шинжилгээ, машин сургалтын арга, технологийг үйлдвэрлэлийн процесст нэвтрүүлж бизнесийн өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр 2018 оноос хамтран ажиллаж байгаа билээ. Өмнө нь Рио Тинто группээс олон улсын түвшинд зохиогдсон Pioneering Pitch гарааны санхүүжилтийн уралдаанд хамтран оролцож шалгараад нэг жилийн хугацаанд түүчээ төслийг амжилттай хэрэгжүүлсэн.

Энэ удаад Оюу толгой компаниас их өгөгдлийн платформ, дэд бүтцийг байгуулахад зориулж олон тооны сервер болон дагалдах тоног төхөөрөмжийг МОЛ-д хандивлаж байна. Энэ дэд бүтцийг их өгөгдлийн шинжилгээний сургалт, судалгаанд ашиглах бөгөөд багш судлаачид, оюутнуудын хувьд энэ чиглэлээр эрдэм шинжилгээ, инженерчлэлийн ажлуудыг хийж гүйцэтгэхэд гол багаж болох юм.

Энэ дэд бүтцийг угсрах, цаашдын ашиглалт, арчилгааг хариуцах ажлыг ХШУИС-ийн Мэдээлэл, компьютерын ухааны тэнхимийн дэд профессор, МОЛ-ийн Мэдлэг ба өгөгдлийн инженерчлэлийн багийн ахлагч Г.Амарсанаа удирдан зохион байгуулах юм байна.

Эрдэм мэдлэг, оюуныг дээдэлж их өгөгдлийн шинжилгээний сургалт, судалгааны ажлыг дэмжиж тусалсан Оюу толгой компанийн Мэдээллийн технологийн хэлтсийн удирдлага, хамт олонд талархал дэвшүүлж байна.