Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж байгаа “Иргэн төвтэй дүүрэг” аяны хүрээнд оюутан, сурагчдаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах зорилготой “ЭРҮҮЛ ЗАЛУУС ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ” өдөрлөг өнөөдөр ШУТИС дээр нээлтээ хийлээ. Өдөрлөгийг нээж дүүргийн Засаг даргын орлогч П.Давхарбаяр хэлсэн үгэндээ “Сүхбаатар дүүрэгт 17 их, дээд сургууль үйл ажиллагаагаа явуулдаг. Эрүүл залуу хүн бол монголын баялаг. Тийм учраас дүүргийн зүгээс ирээдүй, хойч үе болсон залуусынхаа эрүүл мэндийг хамгаалах, гэр бүлээ төлөвлөх, эрүүл чийрэг бие бялдартай байхад чиглэсэн олон ажлуудыг хийж байгаагийн нэг нь энэ өдөрлөг” гэв.
Өдөрлөгийн хүрээнд дүүргийн Эрүүл мэндийн төвийн хамт олон оюутан, залуусыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулахаас гадна сүрьеэ бэлгийн замаар дамжих халдварын идэвхитэй эрт илрүүлгийг эрчимжүүлэх, тэдэнд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх талаар зөвлөгөө, мэдээлэл өгсөн юм.
“ЭРҮҮЛ ОЮУТАН – ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ” өдөрлөг, хэлэлцүүлэгт хамтран ажиллан эрүүл зан үйл төлөвшүүлэх, тэдэнд тулгамдаж буй асуудлыг хамтдаа тодорхойлох, дуу хоолойг сонсох, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, идэвхитэй эрт илрүүлэг, үзлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг үнэлэн дүүргийн Засаг даргын талархлыг Монгол Улсын Их Сургуулийн хамт олонд гардууллаа.
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС
ХҮН, ЭМНЭЛГИЙН САЛБАР