Дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Нүүн шилжих дадлага сургуулийн үеэр анхаарах зарим зүйл

Share Button

Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтыг энэ сарын 24-26-нд зохион байгуулж байна. Тус үйл ажиллагаанд МУИС-ийн багш, ажилтан, оюутнууд ч оролцож байгаа юм.

Маргааш буюу 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллага оролцох олон нийтийг хамарсан сургуулилалт зохион байгуулагдах гэж байна.

Энэ үеэр таны заавал мэдэж байх ёстой зүйлсийг хүргэж байна.

1. Улаанбаатар хотын замын хөдөлгөөн хаагдана

Дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 07:00-09:30 цаг хүртэл Улаанбаатарын бүх замын хөдөлгөөн хаагдаж, хотоос автомашин гаргахгүй, оруулахгүй. Газар хөдлөлтийн хор уршгийг арилгах арга хэмжээний үед замын хөдөлгөөн ихээхэн хүндрэл учруулна хэмээн үзэж байгаа юм.

Иймд тухайн өдрийн дээр заасан цагийн нислэгээр зорчих иргэд 07:00 цагаас өмнө “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд ирсэн байхыг “МИАТ” ТӨХК-аас анхааруулжээ. Замын хөдөлгөөн хаасан үеэр түргэн тусламж, цагдаа, онцгой байдлын байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд үүргээ гүйцэтгэнэ.

2. Зарлан мэдээлэх дохиогоор аюулгүйн талбайд цуглана

Дөрөвдүгээр сарын 25-ны 08:00 цагт зарлан мэдээллийн дохио нийслэл даяар дуугарснаар эхлэх тул дохио сонссон эсэхээс үл хамааран орон байрнаасаа гарч, аюулгүйн талбайд цуглах ёстой. Аюулгүй талбайн байршлыг ЭНД ДАРЖ хараарай.

3. Ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орсон

Ажлын цаг замын хөдөлгөөн эхэлснээс хойш 30 минутын дараа буюу 10:00 цагт эхэлж, 19:00 цагт дуусна. Нийтийн тээвэр, сургуулийн автобус 09:30 цагаас эхлэл цэгээс хөдөлгөөнд оролцож эхлэх юм байна.

4. Гурван хоног архи, согтууруулах ундаа худалдахгүй, түүгээр үйлчлэхгүй

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалт зохион байгуулагдах өдрүүд буюу энэ сарын 24, 25, 26-нд архи согтууруулах ундаа худалдан борлуулж, үйлчлэхийг хориглосон.

5. Орон сууцанд амьдардаг бүх айл сургуулилалтад оролцоно

Нийслэлийн орон сууцанд амьдардаг бүх айлд сургуулилалтад оролцох тухай “Таниулах хуудас” тарааж байгаа. Дадлага сургуулилалтын үеэр иргэд өөрийн дүүрэг, хороонд байрлах аюулгүй талбайд гарч, газар хөдлөлтийн үед баримтлах зарчим, ойролцоох цуглах талбай зэрэг мэдээллийг багтаасан “Таниулах хуудас”-аа нүүн шилжих талбайдаа авч очин, бүртгэлийн ажилтанд тэмдэглүүлж, дадлага сургуулилалтад оролцсон талаар бүртгэлээ хийлгэх юм. Тэрхүү тэмдэглэгээ хийлгэсэн хуудсаа байгууллагынхаа удирдлагад үзүүлснээр ажлын цагаа бүртгүүлэх ёстой.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар