Ж.Наранцацралт агсны нэрэмжит “Газрын харилцааны салбарын оюутны эрдэм шинжилгээний III бага хурал” амжилттай зохион байгуулагдлаа

Share Button

Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд, Барилга, Хот байгуулалтын сайд, Улсын Их Хурлын гишүүн, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн газрын албаны дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий даамал, Монгол Улсын Их Сургуулийн багш, доктор Ж.Наранцацралт агсны нэрэмжит “Газрын харилцааны салбарын оюутны эрдэм шинжилгээний III бага хурал” 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр МУИС дээр амжилттай зохион байгуулагдлаа.

Эрдэм шинжилгээний бага хурал “Ухаалаг газрын харилцаа” сэдвийн хүрээнд явагдаж, ерөнхий зохион байгуулагчаар Газар зохион байгуулалт, Геодези, Зураг зүйн газар, хамтран зохион байгуулагчаар Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны сургуулийн Газарзүйн тэнхим, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Наранцацралт сан ажиллалаа.

Хурлын нээлтийн үйл ажиллагаанд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын орлогч дарга А.Батбаяр, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга Э.Болорчулуун, орлогч дарга Б.Загдсамбар, Монголын газар зохион байгуулагчдын холбооны дэд тэргүүн, МУ-ын зөвлөх инженер, доктор Ж.Даваабаатар, МУИС-ийн Газарзүйн тэнхимийн эрхлэгч доктор, профессор В.Батцэнгэл, Наранцацралт сангийн тэргүүн Н.Соёмбо, Монголын газар зохион байгуулагчдын холбооны гүйцэтгэх захирал, доктор С.Сайнбаяр нар хүрэлцэн ирж хуралд оролцогч нарт амжилт хүсч, мэндчилгээ дэвшүүллээ.

Илтгэлийн уралдаанд 1 дүгээр шатанд МУИС, ХААИС, ШУТИС, ИЗХЗС зэрэг их, дээд сургуулийн нийт 23 оюутан илтгэл ирүүлж оролцсон байна. Эдгээр 23 оюутны илтгэлийг ГЗБГЗЗГ-ын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг уншиж дүгнэн 1 дүгээр шатны дүнг гаргаж, нийт 12 илтгэлийг 2 дугаар шатанд шалгаруулсан. Шалгарсан 12 илтгэлийг хэлэлцүүлж дүгнэхэд:

  • 1-р байр – МУИС, газарзүйн тэнхим, 4-р курс, Б.Марал. /Удирдагч: Г.Гантулга, МУИС, доктор, дэд профессор/. Газрын үнэлгээний уламжлалт аргачлалыг ухаалаг “CAMA” загварт шилжүүлэх нь.
  • 2-р байр – МУИС, газарзүйн тэнхим, 4-р курс, Т.Энх-Амгалан. /Удирдагч: П.Мягмарцэрэн, Ч.Лодойравсал, МУИС, доктор, профессор/. Хиймэл оюун ухааны мэдрэлийн сүлжээнд суурилсан хотын орон зайн тэлэлт, тархалтын загварыг боловсруулах асуудалд.
  • 3-р байр – ХААИС, 4-р курс, А.Тамираа. /Удирдагч: Б.Сэр-Од, ХААИС, магистр/. Цоохор ирвэсийн нүүдлийг HABITAT MODEL загварчлал ашиглан тодорхойлох.
  • Тусгай байр – ХААИС, 4-р курс, П.Бат-Оргил. /Удирдагч: Т.Шинэбаяр, ХААИС, докторант/. Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглан том масштабын байр зүйн зураг үйлдэх зэрэг илтгэлүүд эхний 4 байр эзлэв.

Хэдийгээр шагналт байр эзлээгүй ч шилдэг 12 илтгэлд багтсан МУИС-ийн оюутан Г.Билгүүнтөгс, Г.Адъяа-Очир, О.Анхбаяр, Э.Ундрал, Э.Баярмаа, С.Билгүүн, Д.Энхнаран, Д.Баянзул, Н.Отгонцэцэг, Т.Төгсжаргал, ШУТИС-ийн оюутан Б.Тогмид, ИЗХЗС-ийн оюутан А.Отгонзул нарт шилдэг илтгэлийн БАТЛАМЖ-ийг гардуулж, амжилт хүслээ.

Энэ удаагийн хурлын шагналт байр тус бүрийн мөнгөн шагналыг: 

1-р байрын шагнал 1 000 000 төгрөг – “Наранцацралт сан”

2-р байрын шагнал 800 000 төгрөг – “Нийслэлийн газар зохион байгуулалтын алба”

3-р байрын шагнал 500 000 төгрөг – “ГЗБГЗЗГ”

Тусгай байрын шагнал 100000 төгрөг – “Монгол Улсын Их Сургууль” тус тус ивээн тэтгэж оролцсонд явдалд талархал илэрхийлж байна.

Хуралд оролцсон оюутнууд, хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид болон зохион байгуулагчид

ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ САЛБАРЫН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ III БАГА ХУРАЛД ӨГҮҮЛЛЭЭ ИЛГЭЭЖ, ОРОЛЦСОН НИЙТ ОЮУТНУУДЫНХАА ЭРДМИЙН ИХ ҮЙЛСЭД НЬ АМЖИЛТ ХҮСЬЕ.

МУИС-ийн Газарзүйн тэнхим

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар