Монгол Улсын Их Сургуулийн Оюутны Холбоо, Оюутан Конгрессоос эерэг хандлагыг бий болгон, эрүүл өөрчлөлтийг оюутнууддаа авч ирэх зорилгоор “Өөртөө туслах сайн дурын үйл ажиллагаа – NUMorning Challenge” эрт босох уралдааныг 100 оюутныг идэвхтэй хамруулан 2019 оны 4 дүгээр сарын 1- 25 хүртэл амжилттай зохион байгууллаа. Тэмцээний хүрээнд оролцогч нар өглөө бүр 5:30 минутад босон өөрийгөө зоригжуулж, өдрийн турш хийх ажлынхаа жагсаалтыг гарган төлөвлөж, 20 минутын уншлага хийж, өдөр бүр өөр өөр эерэг даалгавруудыг гүйцэтгэж өглөөний цагаараа үнэтэй хөрөнгө оруулалт хийн, хүн бүрд ижил тэгш заяасан цаг хугацааг давуу эдэлж чадлаа.
Тэмцээний хаалтын ёслолтын үйл ажиллагаа 2019 оны 4 сарын 25-ны өдөр зохион байгуулагдан, ялагчдаа тодруулж холбооны нэрэмжит шагналыг гардуулснаар ёслол төгөлдөр өндөрлөв. Тэмцээний тэргүүн байрыг эзлэн МУИС-ийн эртэч оюутнаар нийгмийн ухааны салбарын 1-р түвшний оюутан Л. Мөнхцэцэг тодорч, дэд байранд хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургуулийн 1-р түвшний оюутан Д. Анударь, гутгаар байрыг байгалийн ухааны салбарын оюутан 1-р түвшний оюутан Б. Нямдэлгэр тус тус эзлэв.
Тэмцээний явцад оролцогч нар манлайлагчдын зарчмаар өөрт гарч буй өөрчлөлтөө бусадтай хуваалцан эрт босох дадал хэвшлийг суулгахыг МУИС-ийн оюутнууддаа уриалан, үлгэр дуурайлал үзүүлж байсныг онцлох нь зүйтэй юм. Зөвхөн өглөөний цагаа юунд зарцуулахаа өөрчилснөөр оюутнуудад ямар хэмжээний эерэг өөрчлөлт гарч болохыг ухаарсан үйл ажиллагаа болж өнгөрлөө хэмээн оролцогч нар дүгнэж, тэмцээнд оролцсондоо сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсээр байна.