МУИС-ийн “Эрдмийн зөвлөлийн нэрэмжит тэтгэлэг”-ийг 10 оюутан хүртэв

Share Button

Өнөөдөр /2019.05.01/ МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслол боллоо. Уг  тэтгэлэг нь улсын болон олон улсын чанартай эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцсон суралцагсдыг дэмжих зорилготой юм.

Энэ талаар МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтсийн дарга, доктор М.Эрдэнэчимэг “Эрдмийн зөвлөлийн нэрэмжит тэтгэлэг бол манай МУИС-ийн хувьд хамгийн их нэр хүндтэй шагнал. Учир нь тодорхой нарийн шалгуур, цензурыг давсан оюутнууд л энэ шагналыг авдаг. Энэ удаа нийт 10 оюутанд тэтгэлэг олгож байгаа. Тэтгэлэг маань судлаач оюутнуудруу чиглэсэн байдаг учраас тэтгэлгээ 21 хоногоос дээш хугацаанд зарладаг. Энэ хугацаанд оюутнуудаас ирсэн материалыг манай профессор багш нараас бүрдсэн ажлын хэсэг шалгаж, сонгон шалгаруулалт хийсэн. Манай бүрэлдэхүүний таван сургуультай учраас судалгааны төрөл арвин. Тэтгэлгийн маань хэмжээ нь бакалаврын сургалтын төлбөрийн 60 хувьтай тэнцэхүйц хэмжээтэй буюу 2 сая орчим төгрөгийн тэтгэлэг гардуулж байна” гэлээ.

2012 оноос хойш долоон жилийн хугацаанд тасалдсан тус тэтгэлгийг МУИС ийнхүү үргэлжлүүлэн олгох шийдвэр гаргаж, өнгөрсөн жил тэтгэлгийнхээ журмыг шинэчлэн тогтоосон байна. Энэ удаад оюутнууддаа 20 орчим сая төгрөгийн тэтгэлэг гардууллаа. Уг тэтгэлэгт бакалавр, магистр, докторын түвшний бүхий л суралцагч оюутнууд хамрагдах боломжтой аж.

Тэтгэлэгт хамрагдсан 10 оюутны нэг МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн газарзүйн докторант Э.Алтанболд “Эрдмийн зөвлөлийн тэтгэлэгт хамрагдсандаа их баяртай байна. Би суралцах хугацаандаа 14 илтгэл, 10 гаруй эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн. Эндээс Боловсролын яамны сайдын нэрэмжит залуу судлаачийн тэтгэлэг авсан. Олон улсын сэтгүүлд хоёр өгүүлэл хамтарсан зохиогчоор хэвлүүллээ. Одоо өөрөө нэгдүгээр зохиогчоор докторынхоо ажлын үндсэн хэсгээр олон улсын өгүүлэл хэвлүүлэхээр бэлдэж байна. Би газрын гадаргын судалгаа буюу геоморфлогийн судалгаа хийдэг. Тэр тусмаа Монголын нуурын геоморфлогийн чиглэлээр судалгаа хийж, хамгаалахаар бэлдэж байна. Манайд нуурын судалгаа буюу ялангуяа нуурын хотгорын судалгаа бага хийгдсэн байдаг. Миний хийж байгаа судалгаа бол тухайн нууранд аялал жуулчлалын бааз байгуулахад даац хэр байх, ургамал амьтны төрөл зүйл нь ямар байх зэргээр хэрэглээний шинжлэлийн судалгааны үндсэн суурь нь болох ёстой юм” гэв.

Энэ удаа бакалаврын ангилалд Б.Майцэцэг, Т.Анударь, А.Хишигтөгс, магистрант С.Нурбек, Ю.Ариунтунгалаг, Г.Хонгор, Б.Мөнгөншагай, Б.Ариунжаргал, докторант Э.Алтанболд нар Эрдмийн зөвлөлийн тэтгэлэгт хамрагдсан байна.

Оюутан, төгсөгчийн хэлтэс