Нийслэлийн засаг даргын А/88 тоот захирамжийн дагуу гамшиг, аюулт үзэгдэл, ослоос хүн, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, иргэн, хуулийн этгээд, томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, хамтын ажиллагааг сайжруулж, сургах, дадлагажуулах зорилгоор “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг 2019 оны 4 дүгээр сарын 24, 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулсан билээ.
Энэхүү үйл ажиллагаанд МУИС-ийн удирдлага, багш, ажилтан, оюутнуудаас бүрдсэн 38 хүн хамрагдсан бөгөөд Чингисийн талбайд болсон нээлтийн ёслолын жагсаалд оролцсон юм. Өнөөдөр /2019.05.02/ МУИС-ийн нийт хамт олонд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал нарын илгээсэн “Талархал”, “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, дадлагад хамрагдсаны сертификат” болон тус үйл ажиллагаанд оролцсон МУИС-ийн хамт олонд МУИС-ийн захирлын “Талархал”-ыг гардууллаа.
1990 оноос хойш Улаанбаатар хотын хэмжээнд анх удаа зохион байгуулсан гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, дадлагад идэвх зүтгэлтэй, амжилттай оролцсон МУИС-ийн бие бүрэлдэхүүнд амжилт хүсч эрүүл энхийг хүсэн ерөөе.