Багш боловсролын оюутнуудын эрдэм шинжилгээний хурал болов

Share Button

МУИС дахь Багш боловсролын ангийн оюутнуудын хичээл заах, судалгаа шинжилгээ хийх, багшлах ур чадварыг хөгжүүлэх зорилгоор жил бүрийн 1-р улиралд “Ур чадварын тэмцээн”, 2-р улиралд ЭШХ зохион байгуулагддаг билээ. Энэ жилийн хурал 22-ны Даваа гарагт амжилттай болж өндөрлөлөө. Хуралд 14 багийн 25 оюутан өөрсдийн хийсэн судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг танилцуулж, харилцан мэдлэг, туршлагаа солилцов.

Энэ жилээс ШУС-ийн ХУС, Европ судлалын тэнхимд оюутан Гадаад хэлний боловсрол, орос хэлний багшийн ангид элсэлт авч эхэлснээр одоогоор МУИС-д нийт 9 тэнхимд багш боловсролын 9 хөтөлбөр хэрэгжиж байна. Энэ удаагийн хуралд уг хөтөлбөрийн төлөөллөөр 2-р түвшний оюутан М.Танан оролцсонд зохион байгуулагчдын зүгээс талархалтай байна.

Мөн энэ жилийн хурлын нэг онцлог тал нь 2-р түвшний оюутнууд өргөнөөр оролцсон явдал байв. Эдгээр оюутнууд судалгаа шинжилгээний ажлын гарааг ийнхүү эрт эхэлж байгаа нь зөвхөн судалгааны арга зүй эзэмших төдийгүй бүх талаар хөгжих, чадавхжихад давуу тал болж байна гэж БУСалбар хариуцсан дэд захирал Ц.Амартайван дүгнэв.

Тэмцээнийг оюутнуудын идэвхи, оролцоог дэмжих, урамшуулах зорилгоор 3 байр шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулав. Мөн оролцогч бүх оюутнуудад ШУС-иас дурсамж гардуулав.

  1. Чанцалдулам Н, Мөнхбаясгалан О (БУБФБ-2) “ЕБС-ийн сурагчдад электроникийн мэдлэгийг хялбар туршилтаар олгох арга зам”
  2. Өлзийт Г, Золсарнай М, Анужин Э (НУБТБ-3), “Хүүхдийн жендэрийн нийгэмшилд сурах бичгийн агуулга дахь зурагт үзүүлэн нөлөөлөх нь”
  3. Уянга Б, Даринчулуун С (БУБФБ-3), “Сургалтын материалд чиглэсэн арга барилыг физикийн хичээлээр нэвтрүүлэх боломж”
  4. Ариунзаяа Ц, Загдсүрэн Б, Өнөржаргал Н (МББ-4), “Пирамид загвар ашиглан сурах бичгийн даалгаврын бүтцийг судалсан нь” (8 дугаар анги, математикийн сурах бичиг)

Хурал ийнхүү 9 хөтөлбөрийн 400 шахам оюутнуудын дунд жил бүр уламжлан болон зохион байгуулагдсанаар оролцогчид хоорондоо танилцах, хамтран ажиллах, мэдлэг мэдээллээ солилцох зэргээр хөгжих орон зай болж байгаа юм. Хурлын төгсгөлд оролцогч болон үзэгч оюутнууд хоорондоо сонирхсон сэдвээр асуулт, хариулт өрнүүлж харилцан мэдлэг, туршлагаа солилцож танин мэдсэн, хөгжсөн үйл ажиллагаа болж өндөрлөлөө.

Хурлыг жилээс жилд чанартай болгохын тулд ШУС-ийн зүгээс онцгойлон анхаарч, орчин нөхцөл, удирдлагаар дэмжиж ажиллаж байгаад, мөн оюутнуудаа идэвхтэй зохион байгуулж ажилласан тэнхимүүдэд ажлын хэсэг болоод багш боловсролын нийт оюутнуудын зүгээс талархал илэрхийлье.