Эрдмийн зөвлөлийн ээлжит хурлын мэдээлэл
МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны өмнө “Эрдмийн зөвлөлийн нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа” болж, бакалавр, магистр, докторын түвшинд сурч буй 10 оюутанд МУИС-ийн бакалаврын түвшиний сургалтын төлбөрийн 60 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлэг гардуулан өглөө. Уг арга хэмжээний үеэр Эрдмийн зөвлөлийн дарга Я. Төмөрбаатар хэлсэн үгэндээ олон жил завсардсан эл тэтгэлгийг цаашид үргэлжлүүлэн олгохын зэрэгцээ МУИС-ийн шилдэг оюутанд олгодог нэр хүндтэй тэтгэлэгийн ач холбогдол, үр өгөөжийг нэмэгдүүлэх тал дээр идэвхийлэн ажиллахаа илэрхийллээ.
Мөн энэ өдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж, тогтоолын төсөл батлав. Үүнд:
“МУИС-ийн хөдөлмөрийн дотоод журам”-ыг 2019 оны 04 дүгээр сарын 23, 05 дугаар сарын 01 өдрийн хуралдаан дамнан хэлэлцэж эцэслэн шийдвэрлэлээ. Эл журам өдгөө МУИС-д ажиллаж байгаа 751 үндсэн багш, 722 багш, ажилтны хөдөлмөрийн харилцааг зохицуулахад баримталдаг гол журам учир журмын нэмэлт өөрчлөлттэй холбоотой ажлын хэсгийн санал (ажлын хэсгийн ахлагч сургалт оюутан хариуцсан дэд захирал Б. Очирхуяг) болон журмын бусад зүйл заалтаар Эрдмийн зөвлөлийн гишүүд санал шүүмж өрнүүлэн хэлэлцлээ. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд тус журмын 8.2.2-т заасан өндөр насны тэтгэвэр тогтоох эрх үүссэн МУИС-ийн багш ажилтанд олгох тэтгэмжийн хэмжээний талаар олон багш ажилтнаас санал ирүүлснийг МУИС-ийн захиргаанаас анхааран авч үзэж, холбогдох судалгаа явуулсны дүнд өмнөх саналаа шинэчлэн дэвшүүлснийг гишүүд хэлэлцэн дэмжлээ. Гэхдээ тэтгэмжийн хэмжээг нэмж байгаа нь сайшаалтай ч МУИС-ийн хөрөнгө санхүүгийн бодлогыг цогцоор нь төлөвлөж, судалгаа шинжилгээ болон бусад зардлыг ч оновчтой хуваарилан ажиллах ёстой гэдэг санал шүүмжийг цөөнгүй гишүүд хэлэв.
“МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааны журам”-ыг хэлэлцэж, тогтоолын төслийг батлав. Энэ журмын хэлэлцүүлэг мөн хоёр удаагийн хуралдаан дамнан явагдлаа. Өмнө Эрдмийн зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар МУИС-ийн дүрмийн 4.2.6-4.2.8 болон 4.4.1.1 заалтанд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэн, саналаа МУИС-ийн Удирдах зөвлөлд уламжлан шийдвэрлүүлсэн бол энэ удаагийн хуралдаанаар уг журмын бусад зүйл заалтанд оруулах нэмэлт өөрчлөлтийг ажлын хэсгийн гишүүн Х. Сэлэнгэгийн танилцуулснаар сонсон хэлэлцэж шийдвэрлэв.
Хуралдааны төгсгөлд Эрдмийн зөвлөлийн дарга Я. Төмөрбаатар журамд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч болон гишүүд, хуралдааны дарга, нарийн бичгийн дарга, санал шүүмж өрнүүлэн хэлэлцүүлэгт оролцсон Эрдмийн зөвлөлийн нийт гишүүдэд талархал илэрхийллээ. МУИС-ийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэж шийдвэрлэсэн эдгээр журмуудыг МУИС-ийн захирлын тушаалаар баталгаажуулан эрдмийн хамт олон болон олон нийтэд цахим хэлбэрээр түгээх юм.