Оюутны програмчлалын үндэсний XI олимпиад дүнгийн хурал 2019 оны 4 дүгээр сарын 29-нд МУИС-ийн 1-р байрны 320 тоот танхимд болж хуралд олимпиадыг зохион байгуулах комиссын дарга профессор Д.Гармаа, олимпиадыг зохион байгуулах комиссын гишүүн И.Бямбасүрэн, Г.Гантулга, Ч.Намуун-Эрдэнэ нар болон МУИС, ШУТИС, МУБИС, Шинэ Монгол ТДС-ийн багш оюутнууд оролцов.
Энэ удаагийн олимпиадад МУИС-ийн ХШУИС, ШУТИС-ийн МХТС, МУБИС-ийн Математик, Байгалийн Ухааны Сургууль, Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль, Улаанбаатарын Их Сургууль, Хүрээ Их Сургууль, Мандах Их Сургууль, Их Засаг ОУИС-ийн нийт 14 баг оролцож, 4 дүгээр сарын 27-нд өдрийн 12.00-17.00 цагийн хооронд 10 бодлогын програмыг бичиж оюун ухаан, хурд хүчээ сорьсон.
Багууд дараах амжилтыг гаргасан байна.
№ | Багийн нэр | Сургуулийн нэр | Бодсон бодлого | Бодолтод зарцуулсан хугацаа |
1 | SEAS2 | МУИС, ХШУИС | 8 | 1370 |
2 | SEAS1 | МУИС, ХШУИС | 7 | 624 |
3 | NMIT-1 | ШМТДС | 4 | 928 |
4 | DBUG | МУБИС, МБУС | 3 | 424 |
5 | SICT-1 | ШУТИС, МХТС | 2 | 485 |
6 | SEAS3 | МУИС, ХШУИС | 2 | 599 |
7 | SC3 | Хүрээ Их Сургууль | 1 | 119 |
8 | SICT-2 | ШУТИС, МХТС | 1 | 232 |
9 | MSM | МУИС, ХШУИС | 1 | 342 |
Эдгээр багуудаас МУИС-ийн ХШУИС-ийн Г.Гантулга дасгалжуулагчтай Г.Бат-Орших, Г.Золжаргал, Ж.Алтангэрэл нарын гишүүнтэй SEAS2 баг тэргүүн байранд, тус сургуулийн оюутан М.Билэгдэмбэрэл, А.Батжаргал, Ч.Төгөлдөр нарын гишүүнтэй SEAS1 баг дэд байранд, Шинэ Монгол ТДС-ийн М.Идэрбаатар дасгалжуулагчтай М.Энххүслэн, Б.Болдтөмөр, Б.Билгүүнбаяр нарын гишүүнтэй NMIT-1 баг 3-р байранд тус тус шалгарлаа. Олимпиадын тэргүүн байранд шалгарсан МУИС-ийн ХШУИС-ийн SEAS2, SEAS1 багт энэ намар 10-р сард болох Ази тивийн програмчлалын 44-р олимпиадад эх орноо төлөөлөн оролцох нэр төртэй бөгөөд хүндтэй эрх, үүрэг ноогдож байна.
Олимпиадад амжилттай оролцсон бүх багуудад олимпиадыг зохион байгуулах комисс баяр хүргэж сурлага, бүтээлийн их амжилтыг хүсэн ерөөж байна.