Дэлхийн биотехнологийн зах зээл 2025 он гэхэд 727.1 тэрбум ам.доллараар үнэлэгдэнэ. Харин биотехнологийн үйлдвэрлэл чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын хувьд 2018 онд 14.05 хувийн цэвэр ашигтай ажилласан байна. Биотехнолгийн салбарын нэг тэргүүлэх чиглэл нь биобэлдмэлийн үйлдвэрлэл юм. Дэлхийн хамгийн үнэтэй эмийн жагсаалтад багтдаг Soliris л гэхэд 409500 ам.долларын үнэтэй бөгөөд жилийн борлуулалт 300 сая ам.доллар. Мөн Швейцарийн Roche компанийн өндгөвчний хаврын эсрэг үйлчилгээтэй Avastin эм нь тус компанид жилд л гэхэд 6.8 тэрбум швейцарь франкийн орлогыг оруулдаг.
Тэгвэл хорт хавдар, элэгний цирроз өвчинд хэрэглэгддэг өндөр үнэтэй дархлааны уураг болох интерферон, мөн рекомбинат технологи дээр суурилсан хепатитын Д вирусын оношлуурыг Монгол Улсын хэмжээнд анх удаа үйлдвэрлэлд нэвтрүүлэх судалгааг МУИС-ийн Генийн инженерчлэлийн лабораторийн эрхлэгч, доктор О.Одгэрэл болон түүний багийнхан хийж гүйцэтгэжээ. Интерферон нь хамгийн чухал биобэлдмэлийн жагсаалтад зүй ёсоор багтана.
Биобэлдмэлийг зориулалтаар нь:
- Эмчилгээний (дархлаа тогтоох ийлдэс, гамма-глобулин)
- Урьдчилан сэргийлэх (вакцин, анатоксин)
- Оношилгооны (аллерген, эсрэгбиет, нян залгиур)
- Сэргээх бэлдмэлүүд (амьтны цусны ийлдэс, АСД бэлдмэл, витамин В12-ын бэлдмэл)
-Интерфероныг үйлдвэрлэснээр Монгол Улсын биотехнологийн салбарт ямар ахиц, дэвшил гарсан бэ?
-Интерферон нь биотехнологийн загвар бүтээгдэхүүн юм. Интерфероныг үйлдвэрлэсэн улсын биотехнологийн салбарыг тодорхой ахиц дэвшилттэй явж байна гэж үздэг. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн нь анх Монгол улсын хэмжээнд биобэлдмэлийн үйлдвэрлэлийн анхны суурийг цэцэг өвчний вакцинаар тавьж байсан. Харин одоо интерфероныг үйлдвэрлэдэг болсноор Монголын биотехнологийн салбар шинэ төвшинд гарч байна.
-Интерфероныг уншигчдад тайлбарлавал?
-Интерферон гэдэг нь хүний биед байдаг дархлааны модератор уураг юм. Биед вирус орж ирэх, хавдрын эс үүсч эхлэхэд тэнд сигнал үүсгэж дархлалын системд илчлэн, хүний бие өөрөө хавдартайгаа тэмцэх тэмцлийг бий болгодог уураг. Янз бүрийн хавдрын вирусын эсрэг хүнд нэмэлтээр тарьвал хавдрыг эмчилдэг гэдгийг 1980-аад онд тогтоосон байдаг. Хүний генид бактериа суулгаж , бактериа үржүүлснийхээ дараа бактериасаа дархлааны интерферон уургийг ялгаж авдаг үйлдвэрийн технологитой.
-Монгол Улсын хувьд интерферон үйлдвэрлэгч орон болох ямар эрэлт, хэрэгцээ байгаа вэ?
-Дэлхий даяар хепатитын Д вирусын судалгаа маш муу түвшинд судлагдсан байдаг. Тэр нь маш цөөн тооны хүмүүс л Д вирусын тээгч байдагтай холбоотой. Монголчууд болон Амазоны уугуул иргэдийн дунд л хепатитын Д вирус бий. Тийм учраас бид өөрсдөө л судалгаагаа хийж, Д вирусын оношлуур, эмчилгээг нь гаргаж авах хэрэгтэй. Одоогоор эмчилгээнд хэрэглэгдэж байгаа интерфероны биобэлдмэлүүд бүгд импортоор орж ирж байна.
-Интерферон үйлдвэрлэх биотехнологийн үйлдвэр байгуулахын тулд ямар хүндрэл, бэрхшээл байна вэ?
-Монгол Улс өөрөө интерферон үйлдвэрлэгч орон болоход маш их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай. Техник эдийн засгийн үзүүлэлтийг тооцож үзэхэд хамгийн багадаа 7.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Биотехнологийн үйлдвэр нь цөөн тооны ажиллах хүчин шаардлагатай байдгаараа онцлог. Нийт 50 хүн ажилладаг байхад түүн дундаас гол үүргийг гүйцэтгэдэг биотехнологийн салбарын 4-5 хүн байхад л хангалттай.
Гэхдээ цаашид биотехнологийн үйлдвэртэй болъё гэвэл төрөөс гадна хувийн хэвшлийнхнийг хөрөнгө оруулагчаар татаж оруулах хэрэгтэй. Үйлдвэрлэхдээ зөвхөн алфа, бус лямбда гэх мэт ховор төрлийн интерфероныг үйлдвэрлэх боломжтой. Өнөө, маргаашийн дотор интерферон үйлдвэрчихнэ гэвэл төвөгтэй. Гэхдээ нэгэнт дотооддоо ховор төрлийн интерфероныг үйлдвэрлэдэг болчихвол рекомбинат технологи дээр суурилсан оношлууруудыг үйлдвэрлэх боломжтой болно. Оношлуурын хувьд хуучин технологиос цоо шинэ түвшин рүү шилжих шилжилтийн үед ирчихээд байна. Энэ шилжилтийн үедээ хүчтэй судалгаануудыг хийж чадвал Д вирусын оношлуурын маш өндөр орлого, бүтээмж бүхий үйлдвэрлэлийг хөгжүүлж болно.
-Одоогоор эмчилгээнд хэрэглэгдэж буй интерфероны биобэлдмэлүүд нь хаана үйлдвэрлэгдсэн, чанарын хувьд ямар байдаг вэ?
-Худалдан авалтын тоо цөөн, ашиг багатай учраас сайн чанарын интерферон үйлдвэрлэдэг үйлдвэрүүд нь үйлдвэрлэхээ больчихсон. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн зардал, боловсон хүчин зэргийг харгалзаж үзвэл хамгийн багадаа 30 000 ширхэг тунг үйлдвэрлэж байж л тухайн үйлдвэртээ ашигтай болно. Монголд импортоор орж ирж байгаа интерферон биобэлдмэлийн хувьд сүүлд байгуулагдсан Вьетнам, Хятад, Литив улсуудын гарааны компанийн бүтээгдэхүүнүүд. Интерфероны нэг тун нь дундажаар таван саяын үнэтэй байдаг. Тэгэхдээ гурван сая ч гэж байдаг, гучин саяын үнэтэй нь ч бий.
-Биотехнологийн үйлдвэртэй болчихвол цаашлаад хепатитын Д вирусын оношилгооны төхөөрөмжийг үйлдвэрлэдэг болох боломжтой гэж байна. Ер нь дэлхий даяар Д вирусын оношлуурын үйлдвэрлэл, нийлүүлэлт ямар төвшинд байна вэ?
-Дэлхийн оношлуурын томоохон үйлдвэрүүд харьцангуй бага хүн амд халдварладаг, ашиг багатай учраас Д вирусын оношлуурыг төдийлөн боловсруулаагүй байдаг. Д вирус тээгч иргэдтэй улсууд өөрсдөө оношлуурыг зохион бүтээж байна. Бидний хувьд судалгаан дээрээ суурилан Д вирусын QMAQ ассей болон вирус тоологч оношлууруудыг Станфордын их сургуулийн эрдэмтэдтэй хамтарч зохион бүтээсэн.
Эх сурвалж: gereg.mn