ЭМГЭНЭЛ
Намсрайн Жавхлантөгс
(1979-2019)
Монгол Улсын Их Сургуулийн Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургуулийн Хими, Биологийн Инженерчлэлийн Тэнхимийн профессор, доктор Н.Жавхлантөгс 2019 оны 5 сарын 29-ний өдөр өвчний улмаас таалал төгсч, хамт олон бидэнд нөхөж баршгүй хүнд гарз учирлаа тохиолоо.
Н.Жавхлантөгс нь 1979 оны 3 сарын 2-нд Увс аймгийн Зүүнговь суманд Хасаан Намсрайн 2 дахь хүү болон төрсөн. 1995 онд Увс аймгийн Зүүнговь сумын дунд сургуульд суралцаж байгаад МУИС-ийн дэргэдэх Химийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд урилгаар элсэн суралцаж төгссөн. 1998 онд Улсын Химийн 9-р олимпиадад түрүүлэн алтан медаль хүртэж МУИС-ийн Химийн Факультетэд урилгаар элсэн суралцан, 2002 онд Хими технологич мэргэжлээр бакалавр, 2005 онд магистрын зэрэг хамгаалсан.
Н.Жавхлантөгс нь 2012 онд Японы Ёкохамагийн Үндэсний Их Сургуульд Нанобиотехнологийн чиглэлээр “Инженерийн ухааны доктор”-ын зэрэг хамгаалсан. 2012-2014 онд Ёкохамагийн Үндэсний Их сургуулийн Дэвшилтэт материал, химийн инженерчлэлийн төгсөлтийн дараах сургуульд судлаач багшаар ажиллаж байв.
Профессор Н.Жавхлантөгс 2002-2007 онд Анагаахын Шинжлэх Ухаан Үндэсний Их Сургуульд, 2007 оноос МУИС-ийн Химийн Факультет, Хими, Химийн Инженерчлэлийн Сургуульд, 2014 оноос Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургуульд багш, профессороор тус тус ажиллаж байв.
Тэрбээр 2008 онд Монгол Улсын Их сургуулийн дэргэдэх анхны Нанотехнологийн лаборатори болон Наношинжлэх ухаан, Нанотехнологийн төвийг үүсгэн байгуулагчдын нэг юм. 2014 оноос Наношинжлэх ухаан, инженерчлэлийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрүүдийг шинээр нээхийн зэрэгцээ гадаад, дотоодын 10 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн оюутан, шавь нараа удирдан ажиллаж, наношинжлэх ухаан, инженерчлэлийн чиглэлээр анхны бакалаврыг амжилттай төгсгөсөн бөгөөд 2 доктор, 20 гаруй магистрын оюутны судалгааны ажлыг удирдан амжилттай хамгаалуулсан байна.
Н.Жавхлантөгс нь эрдэм шинжилгээний нийт 30 гаруй өгүүлэл бүтээл туурвиснаас олон улсын импакт фактор бүхий сэтгүүлд 20 гаруй өгүүлэл, 2 оюуны өмчийн патент, Англи Улсын Эзэн хааны Химийн Нийгэмлэгийн урилгаар “Recent Solid State NMR Studies of Membrane Bound Peptides and Proteins” номыг Elsevier-т, Герман улсын Ламберт академид “Dynamic Structure and Interactions of Membrane Embedded Peptides with Lipid Bilayers” номыг тус тус англи хэлээр хэвлүүлэн олны хүртээл болгосон. Мөн тэрээр Journal of Physical Chemistry, Current Molecular Medicine, Journal of Molecular Structure, Aperito Journal of Nanoscience Technology, World Academy of Science, Engineering and Technology, British Journal of Applied Science & Technology, American Chemical Science Journal, British Microbiology Research Journal, Inernational Research Journal of Pure and Applied Chemistry зэрэг сэтгүүлүүдэд шүүмжлэгч болон редактораар, American Chemical Society, Material Research Society, Монголын Химийн Нийгэмлэг, Улсын Химийн Олимпиадын Зохион Байгуулах Хороо зэрэг гадаад дотоодын мэргэжлийн нийгэмлэгүүдэд гишүүнээр сонгогдон ажиллаж байлаа.
Түүний хөдөлмөр бүтээл, шинжлэх ухааны салбарт оруулсан хувь нэмэр, сод авьяасыг үнэлэн БСШУЯамны “Жуух бичиг”, МУИС-ийн “Шилдэг судлаач багш”, МУИС-ийн “Хүндэт жуух”, МУИС-ийн SCI-Paper Award, Байгалийн Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн Холбооны шагнал, Ёкохамагийн Үндэсний Их Сургуулийн Захирлын нэрэмжит шагнал, Ёкохамагийн Улсын Их Сургуулийн Төгсөлтийн Дараах Сургуулийн Захирлын нэрэмжит шагналуудыг тус тус хүртээсэн билээ.
2015 оноос Залуу Эрдэмтэдийн Холбооны Байгалийн Шинжлэх Ухааны салбарын удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллан эрдэм шинжилгээний ажлуудад зөвлөгөө өгч, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх ажилд идэвхтэй оролцож байлаа.
Доктор, профессор Н.Жавхлантөгс эх орондоо боловсролын салбарыг хөгжүүлэх, наношинжлэх ухаан, инженерчлэл, нанотехнологийн чиглэлээр шинэ залуу боловсон хүчнийг сургаж бэлтгэхийн төлөө өөрийн эрдэм боловсрол, авъяас билэг, дадлага туршлага, хүч хөдөлмөрөө бүрэн зориулан, аливаад шулуун шударга, тууштай ханддаг, хамт олон, найз нөхөд, шавь нартаа бодитой үлгэр дууриал үзүүлэн, бидний бахархал болсон шилдэг эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч байв.
Доктор, профессор Н.Жавхлантөгсийн судалгаа шинжилгээний бүтээл, түүний хөдөлмөрч, хүнлэг, тууштай зан чанар, гэгээн дүр нь хамт олон нөхдийнх нь болон үе үеийн олон зуун шавь нарынх нь сэтгэл зүрхэнд үүрд мөнхрөх болно.
Профессор Н.Жавхлантөгс багшийнхаа эцэг эх, гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.
Ум сайн амгалан болтугай.
Хими, Биологийн Инженерчлэлийн Тэнхмийн хамт олон
МУИС, Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургууль
“ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ”
ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ,
“АЗИАСИЙД” ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА
Монгол Улсын Их Сургууль