“SIRPA АКАДЕМИК МЭТГЭЛЦЭЭН II” боллоо

Share Button

МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль санаачлан “МОНГОЛЫН ГЕОПОЛИТИК” сэдвээр “SIRPA АКАДЕМИК МЭТГЭЛЦЭЭН”-ийг анх удаа 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр МУИС-ийн Номын сангийн байранд мэргэжлийн өндөр түвшинд “хагас хаалттай” хэлбэрээр зохион байгуулсан билээ.

2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр “БУДДЫН ШАШНЫ ДИПЛОМАТ ҮЙЛ АЖИЛЛАГАА” сэдвийн дор МУИС-ийн Номын сангийн байранд мэргэжлийн өндөр түвшинд “хагас хаалттай” хэлбэрээр дахин зохион байгуулав.

Энэхүү Академик мэтгэлцээнд 120 гаруй улс төрч, дипломатч, судлаач эрдэмтэн оролцож, дэмжигч байгууллагаар ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, Монголын Дипломатын Академи, Геополитик судлалын хүрээлэн, Аюулгүй байдал судлалын хүрээлэн оролцлоо. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан , МУИС-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Цэдэндамба, МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар нар оролцож үг хэллээ.

Уг мэтгэлцээний зорилго нь улс төр, аюулгүй байдал, геополитик, олон улсын харилцааны чиглэлээр судалгаа хийдэг мэргэжлийн байгууллагууд болон улс төрч, эрдэмтэн судлаачид хамтран Монгол улсын хувьд тулгамдаж буй асуудлыг тодруулах, онол практикийн мэдлэгээ цэгцлэх, судалгааны аргазүйг нээх, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх, бодлогын судалгааг хөгжүүлэх, залуу улс төрч, судлаачдыг дэмжих, академик мэтгэлцээний соёлыг төлөвшүүлэх, геополитик судлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах явдал байв.

“SIRPA Академик Мэтгэлцээн”-ийг хойшид тогтмол зохион байгуулах бөгөөд түүний үр дүнг боловсруулан Зөвлөмж байдлаар шийдвэр гаргагчдад хүргэх юм.

 

Уг арга хэмжээнд Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ЗГХЭГ, УИХ-ийн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Зэвсэгт хүчний жанжин штаб, ГХЯ, ШУА-ийн ОУХХ, МУИС, ҮБХИС, ХСИС, ЗГХГ-ын дэргэдэх Удирдлагын Академи, Монголын Дипломатын Академи, Хууль сахиулахын Удирдлагын Академи, Тагнуулын Академи, Геополитик судлалын хүрээлэн, Аюулгүй байдал судлалын хүрээлэн, Цэнхэр сүлд ТББ, ХИС-ийн ОУХНСС зэрэг мэргэжлийн байгууллага, түүнээс гадна Монгол улсын Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд, Батлан хамгаалахын сайд, ҮАБЗ гэх мэт төрийн өндөр албанд ажиллаж байсан Эрхэмүүд, Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын Гадаад бодлогын Зөвлөхүүд, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдууд, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдууд, улс төрч, ахмад дипломатч, эрдэмтэн профессор, судлаачид оролцож мэтгэлцлээ.

МУИС-ийн ОУХНУС
“SIRPA Академик мэтгэлцээн” Зохион байгуулах ажлын хэсэг