Д.Нацагдоржийн шагналт, МЗЭ-ийн нэрэмжит шагналт, шилдэг бүтээлийн “Алтан өд” шагналт, хэл бичгийн ухааны доктор, хүүхдийн зохиолч Д.Батжаргалын “Хүүхэд багачуудын хөгжөөнтэй ном” II , III , “Хүүхдийн яруу найргийн уран чадварын зарим асуудал” шинэ номын нээлт өчигдөр Хүүхдийн номын ордонд боллоо.
Номын заллагад МУИС-ын монгол хэл, соёлын сургуулийн захирал, Гавьяат багш Ж.Баянсан, МУИС-ын утга зохиолын тэнхимийн эрхлэгч, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, профессор С.Дулам, МУИС-ын утга зохиолын тэнхимийн багш, Гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор Д.Галбаатар, Төрийн шагналт яруу найрагч Д.Нямаа, МУИС-ийн багш, Д.Нацагдоржийн шагналт зохиолч, хэл бичгийн ухааны доктор До. Цэнджав, МУИС-ийн багш, хэл бичгийн ухааны доктор Б.Хишигсүх, МУ-ын Төрийн шагналт зохиолч Д.Гармаа, МУИС-ийн багш, хэл бичгийн ухааны доктор Г.Нандинбилиг, МОНҮР-ийн уран сайхын нэвтрүүлгийн ерөнхий редактор, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт Данзангийн Нямаа, “Монгол барилга” констракшны ерөнхий захирал С.Батчулуун, “Хүүхдийн номын ордон”-ы захирал Д.Оюунбилэг нарын хүндэт зочид хүрэлцэн ирж номын дээжээс хүртэн мялаалгын үг өргөлөө.
Түүний “Хүүхэд багачуудын хөгжөөнтэй ном II” нь сургуулийн бага, дунд насныханд зориулсан бөгөөд ” 35 үсгийн гуншин”, ” Бамбарууш яаж эдгэсэн бэ”, “Яамитай өнгөрүүлсэн хөгжилтэй зун” зэрэг хүүхэд багачуудын хэдийнэ амтархан уншдаг болсон бүтээлүүд ч мөн багтжээ. Харин “Хүүхэд багачуудын хөгжөөнтэй ном III” нь CD-тэй, сургуулийн дунд, ахлах ангийханд зориулсан радио жүжгийн ном юм.
“Хүүхдийн яруу найргийн уран чадварын зарим асуудал” ном нь орчин үеийн монголын уран зохиол дахь хүүхдийн яруу найргийн бүтээлүүдийн ур чадварыг судалсан судалгааны бүтээл юм. Их Нацагдорж, Ц.Дамдинсүрэн нарын үеэс өнөө хүртэлх хугацаанд хүүхдийн яруу найргийн хөгжлийг үечлэн, үе үеийн төлөөлөгчдийг тодруулж, шүлэг найргийн хэл найруулга, дүр дүрслэлээр задлан, ажиглалт хийжээ.
Энэхүү ном нь хүүхдийн яруу найргийг цаашид судлах, бүх шатны сургуульд заах, задлан ярилцахад зориулж оюутан сурагчаар анализ хийлгэсэн 108 шүлгийг хамт нийтэлснээрээ шинэлэг сонирхолтой юм. Зохиолч “Эдгээр ном бол эрдмийн төрөлх өргөө МУИС-ийн 70 жил, Утга зохиолын тэнхимийнхээ 30 жилийн ойд барьж буй миний өчүүхэн бэлэг юм” гэсэн юм. Мөн ч эх үрсийн баяраар уншигч багачууддаа барьж буй оюуны бэлэг болж байна.