НШУС-ийн Сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухааны тэнхим, тэнхимийн дэргэдэх “Сэтгэцийн оношилгоо, сургалт судалгааны лаборатори”, “Гэр бүлийг чадавхижуулах олон улсын сүлжээ” хамтран зохион байгуулсан “Гэр бүлийг бэхжүүлэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнгөрсөн долоо хоногт МУИС дээр боллоо.
Энэхүү хуралд 6 орны 13 эрдэмтдээс гадна МУИС, МУБИС, ХААИС, Улаанбаатар дээд сургууль, Дотоод хэргийн их сургуулийн багш, судлаачид илтгэл хэлэлцүүлсэн юм.
Илтгэлүүд гэр бүлийг тойрсон асуудлуудад хандаж, ялангуяа монгол гэр бүлийн уламжлал, даяаршил шинэчлэл, түүнд тулгамдаж байгаа асуудлуудыг хөндөж ярилцсан юм. Архи, гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа салалтын асуудал их байгааг дийлэнхи илтгэгч цохон тэмдэглэж байлаа. Тиймээс гэр бүлийн салалтаас яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэг асуудлаар оролцогчид ерөөсөө хүнийг хүүхэд байх үеэс нь гэр бүлийн боловсрол олгох асуудал манайд дутагддаг юм байна. Улсын хэмжээнд гэр бүлийн боловсрол олгох академи, төвүүд, мөн сэтгэлзүйн зөвлөгөө өгөх төвүүд энэ асуудлыг анхаарах хэрэгтэй гэсэн нэгдсэн дүгнэлтэнд хүрсэн юм.
Харин гадаад илтгэгчдийн хүрээнд гэвэл төрийн болон төрийн биш байгууллагуудын зүгээс мөн тухайн гэр бүл эцэг эхийн зүгээс гэр бүлийн боловсрол, гэр бүлийн хүмүүжилтэй холбоотой асуудлуудыг түлхүү ярьж байсан юм. Жишээлбэл Америкийн эрдэмтдийн илтгэсэн “Өрхийн тэргүүний байр суурь ба гэр бүл” гэсэн илтгэлд хүүхдийн хүмүүжилд аавын үүрэг их бөгөөд хүмүүжилд шууд нөлөөлдөг. Аавтай хүүхэд сэтгэл санааны болоод өөрийгөө үнэлэх үнэлэмж, хүмүүжлийн хувьд аавгүй өсөж байгаа хүүхдүүдээс илүү байдаг. Тиймээс хүүхдийг аавтай нь хамт оролцуулах ажлыг зориудаар зохион байгуулдаг тухай ч дурьдаж байсан нь анхаарууштай, монголд тусгаж болмоор илтгэл байна гэдэгт хуралд оролцогчид санал нэгдэж байсан юм.
“Хурлыг ерөнхийд нь нэгтгэж дүгнэх юм бол гэр бүлийн асуудал төр засгийн, төрийн бус байгууллагуудын, өргөн олон нийтийн, ер нь хүн болгоныг хамарсан ийм чухал асуудал гэдэг нь энэ хоёр өдрийн хуралдааны үр дүнгээс харагдаж байна. Гэр бүлийн холбогдолтой ийм хурал сүүлийн жилүүдэд болоогүй. Тэгэхээр гэр бүлтэй холбоотой асуудлыг өргөн олны анхааралд хүргэж, тулгамдсан асуудлуудыг хөндөн ярьжбайгаагаараа цагаа олсон чухал ач холбогдолтой хурал болж байна . Энэ хурлаас бас тодорхой үр дүн гарч энэ асуудлыг цааш олон хурал зохион байгуулагдаж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, гэр бүлтэй холбоотой байгууллагууд нэгдэж ажиллана гэдэгт итгэлтэй байна.” гэж НШУС-ийн СССХУ-ны тэнхимийн эрхлэгч доктор, профессор Г.Сарантуяа хэллээ.