Францын Парисын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч, Олон улсын өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Жан Мари Бургибуру 6-р сарын 17-нд МУИС-ийн ХЗС-д зочилж, “Олон улсын арбитр” сэдвээр багш, эрдэмтдэд лекц уншлаа. Түүний лекцэнд Францаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, ноён Жан-Доль Дюмон, тус улсын соёлын атташе, хатагтай Софина, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Пүрэвням нар хүрэлцэж ирж оролцов.
Олон улсын хууль эрх зүйн салбарт нэр нь танигдсан өмгөөлөгчийн энэхүү лекцийн сэдэв Монгол улс ашигт малтмалынхаа томоохон ордуудыг ашиглах гэрээг гадаадын компаниудтай байгуулж эхэлсэн өнөөгийн нөхцөлд ихээхэн сонирхолтой бөгөөд хэрэв маргаан гарвал олон улсын арбитрын шүүхээр асуудлаа хэрхэн шийдвэрлүүлэх талаар онол, арга зүйн зөвлөмж өгснөөрөө өндөр ач холбогдолтой боллоо. Мөн лекцэнд суусан багш эрдэмтэд сургалтын агуулга, хөтөлбөрөө орчин үеийн хэрэгцээнд нийцүүлэн шинэчлэх шаардлага зүй ёсоор гарсныг онцолж байв.
Францын тал удахгүй Монгол улсад эрх зүйн боловсролын томоохон хэмжээний төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэж буй аж.