МУИС-ийн оюутнууд Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг хүртлээ

Share Button

Өнөөдөр /2019.11.25/ Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны 95 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадвараараа онцгой амжилт гаргасан нэр бүхий 27 оюутан Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг хүртлээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэтгэлгийг гардуулан баяр хүргэж,  сурлага, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөв.  Мөн эх орныхоо төлөө хүн бүр, ялангуяа ирээдүйг авч явах залуус хичээн зүтгэж, ажиллаж хөдөлмөрлөхийг уриаллаа. 

Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн оюутан Н.Лхагвабаяр, МУИС-ийн Бизнесийн сургуулийн оюутан Г. Мандах, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан С.Мягмарсүрэн, Б.Улсболд, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн оюутан А.Хишигтөгс нарын 5 оюутан хүртсэн юм.

Дээрх суралцагчид:

–  Монгол Улсын тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр  үр ашиг, ач холбогдол бүхий шинэ технологи, бүтээгдэхүүн, материал бий болгон үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх шинэ санаачилга гаргасан

–  Сайн санааны үндсэн дээр нийгмийн сайн сайхны тусын тулд бусдыгаа манлайлан  идэвхи зүтгэл гаргаж, үлгэр жишээ болох ажил санаачлан зохион байгуулсан, эерэг өөрчлөлтөөр бусдадаа үлгэр дууриал болсон

–  Монгол хэл, соёлын биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулан өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлсэн

–  Амжилттай суралцаж бусдад үлгэр дууриал болсон, улс орны хөгжилд эерэг үр нөлөө үзүүлэхүйц судалгаа, шинжилгээний бүтээл туурвисан, оновчтой үр дүнтэй бодлого төлөвлөгөө, зөв шийдэл, арга барил бүхий нийгэм, эдийн засгийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн төсөл, хөтөлбөр санаачлан бичиж хэрэгжүүлсэн

–  “Монгол Улсын ирээдүйн хөгжил ба миний оролцоо” сэдэвт эссэ бичих гэсэн шалгуурыг 85-аас дээш хувиар хангасан байна. Суралцагчид Монгол Улсын Ерөнхий сайдын өргөмжлөл, нэг сая төгрөгийн мөнгөн шагнал хүртлээ. Энэ жил 87 суралцагч материалаа ирүүлсэн байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг гардан авсан оюутнуудыг төлөөлөн МУИС-ийн Бизнесийн сургуулийн оюутан Ганзоригийн Мандах үг хэллээ.

Мөн Төрийн соёрхолт түүхч Д.Өлзийбаатар “Монголчуудын сүр хүчний нууц” сэдвээр, Монголын оюун ухааны академийн үүсгэн байгуулагч Х.Хатанбаатар “Оюуны экспорт” сэдвээр оюутнуудад лекц уншсан юм. Тус үйл ажиллагаанд МУИС-ийн 5 бүрэлдэхүүн, 3 салбар сургуулийн 700 гаруй оюутан залуучууд оролцов.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар