Прокон оюутны програмчлалын улсын тэмцээн явагдаж дүнгээ гаргалаа

Share Button

Прокон оюутны програмчлалын тэмцээн нь 1990 оноос эхлэн жил бүр их, дээд сургууль, техникийн коллежийн оюутнуудын дунд зохиогдсоор иржээ. Тус тэмцээн нь хоёр үе шаттай явагддаг бөгөөд эхний шат нь тухайн улсад, хоёрдугаар үе шат нь олон улсын хэмжээнд зохион байгуулагддаг байна. Энэ жилийн олон улсын тэмцээн Вьетнам улсын Ханой хотод 2020 оны 3-р сард зохион байгуулагдана. Эхний шатанд түрүүлсэн нэг баг улсаа төлөөлөн хоёрдугаар шатанд оролцох эрхтэй болно. Тэмцээн нь дараах дүрмийн дагуу явагддаг: Багууд урьдчилан бэлтгэсэн ил талбай болон системээс санамсаргүй байдлаар өгсөн далд талбайд тоглоно. Тоглогчид агентуудын талбай дээрх хөдөлгөөнийг удирдаж, ээлжлэн нэгэн зэрэг нүүх замаар тоглоно. Тоглогчид бүх агентынхаа нүүдлийг тодорхой хугацаанд багтаан сервер лүү илгээх ёстой. Тодорхой ээлжийн дараа агентуудын эзэлсэн нүднүүдээс хамгийн их оноо цуглуулсан баг нь ялагч болно.

Энэ удаагийн тэмцээн 2019 оны 11-р сарын 23-ны өдөр Монгол Улсын Их Сургууль дээр зохион байгуулагдлаа. Тэмцээнд 11 багийн 31 оюутан оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Багууд А, B, C гэсэн 3 хэсэгт хуваагдаж өөрийн хэсэг дэх өрсөлдөгч багуудтай тоглож, хэсэг бүрээс хамгийн өндөр оноо авсан 2 баг нь дараагийн хэсгийн тоглолтод оролцлоо. Ингээд аваргын төлөө FIBO болон ZERO багууд, 3-р байрын төлөө SEAS-II, BBM багууд өрсөлдөж дараах байрыг тус тус эзэллээ.

Байр Багийн нэр Оюутны нэр Сургууль
I FIBO Б.Төгөлдөр МУИС ХШУИС
Д.Лхагвадорж ШУТИС МХТС
II ZERO Э.Гантөгс МУИС ХШУИС
О.Цогжавхлан
Э.Номундарь
III SEAS-II Ч.Төгөлдөр МУИС ХШУИС
С.Сүхбат
Б.Дэлгэрсайхан

FIBO баг нэг тоглолтод 1008 оноо авч хамгийн өндөр оноо авсан багаар шалгарлаа. Уг баг нь Вьетнам улсын Ханой хотод болох тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцохоор боллоо. FIBO багийн оюутнууддаа дараагийн шатны тэмцээнд амжилт гаргахыг хүсье.

Мэдээлэл, компьютерын ухааны тэнхим

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар