МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтэс нь 2016 оноос жил бүр “Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр”, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол хэлний бэлтгэл хөтөлбөрт суралцагчдад зориулан монгол өв соёл, зан заншил, ардын урлаг сурталчлах өдөрлөгийг зохион байгуулж ирсэн бөгөөд энэ хичээлийн жилийн гадаад оюутанд зориулсан хамгийн анхны арга хэмжээг дээр дурдсан тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан 2019 оны 11 дүгээр сарын 22–ны өдөр “Монгол орон бидний нүдээр” өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгт 2019-2020 оны хичээлийн жилд МУИС-д монгол хэл, шинжлэл, утга зохиол судлал, олон улсын харилцаа, хууль зүй, бизнес маркетинг, шашин судлал, гадаад хэл шинжлэл, электроник, компьютер, мэдээллийн технологи зэрэг мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд болон оюутан солилцоо хөтөлбөрөөр суралцаж байгаа хамтын ажиллагаатай их сургуулийн оюутнууд оролцсон юм.
Өдөрлөгийг ОТХ-ийн дарга М.Эрдэнэчимэг нээж үг хэллээ. Мөн монгол оюутны төлөөлөл “Авьяаслаг оюутан” клубын гишүүд морин хуурын аялгуугаар хөг нэмж, монгол ардын бүжгээ толилуулж, монгол түмний бахархал дэлхийд ганцхан уран нугаралтын үзүүлбэр үзүүлж, орчин цагийн амьд хөгжим тоглож сэтгэлийг баясгав. Өдөрлөгт 2015 онд ОХУ-ын Тувагийн Их Сургуулиас оюутан солилцоо хөтөлбөрт суралцаж байсан одоо ОУХНУС-д “Олон улсын харилцаа” мэргэжлээр магистрын хөтөлбөрт суралцаж байгаа Айслан Хомушку гадаад оюутнуудыг төлөөлж мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд 2019 онд Хууль зүйн сургуулийг “Эрх зүйч” мэргэжлээр 3,6 голч оноотой бакалаврын зэрэгтэй төгссөн энэ хичээлийн жилд цаашид үргэлжлүүлэн магистрантурт суралцаж байгаа БНСУ-ын иргэн Ko Kyung Rak “Монголд суралцсан миний туршлага” илтгэл тавьж хэрхэн амжилттай суралцсан талаарх өөрийн туршлагаас хуваалцсан юм.
Өдөрлөгт гадаад оюутнууд өөрсдийн үндэсний хувцсаар гоёж ирсэн бөгөөд үндэсний хувцсаа танилцуулж, ая дууны мэндчилгээ дэвшүүлж, хөгжөөнт тоглоом тоглож, хэрхэн суралцаж байгаа талаарх санал солилцож нэгэн оройг хөгжилдөн өнгөрүүллээ. Энэ арга хэмжээг зохион байгуулахад хамтран ажилласан Ментор оюутнууддаа баярлалаа.
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС