ГАДААД ХЭЛ- АМЖИЛТЫН ҮНДЭС уулзалт форум боллоо

Share Button

2019 оны 12 дугаар сарын 6-нд МУИС-ийн Франц хэлтэн орнуудын инноваци, хамтын ажиллагааны төвөөс “Гадаад хэл-амжилтын үндэс” форумыг зохион байгууллаа. Тус форумд МУИС-ийн үе үеийн төгсөгчид хүрэлцэн ирж гадаад хэл сурахын ач холбогдол, өөрсдийн гаргасан амжилт туршлагаасаа хуваалцлаа. Уулзалтад МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг, төгсөгч хариуцсан мэргэжилтэн Э.Сарангэрэл нар оролцож сургуулийн бодлого, үйл ажиллагааны тухай танилцуулав.

МУИС-ийн 1998 оны төгсөгч Перине Клиник-ийн захирал Ч.Оюунтогос, 1998 оны төгсөгч МонАтом ТӨХ газрын дарга Д. Далайжаргал нар амжилтын түүхээ хуваалцаж, Монгол-Францын төвийн соёлын төсөл хариуцсан ажилтан, 2015 оны төгсөгч Х.Ананд Кампус Франц-ын үйл ажиллагааг танилцуулав.

Форумын үеэр “Техник технологийн дэвшлийг ашиглан франц хэлний түвшингээ сайжруулах боломж” уралдааны дүнг танилцуулж шагнал гардууллаа. Энэхүү уралдаанд МУИС-ийн франц хэл суралцаж буй 36 оюутан оролцлоо. Техник, технологийн ололт амжилтыг гадаад хэл сурахад ашиглах, инновацлаг санаа дэвшүүлсэн багийг шалгаруулах зорилготой байв. Эхний гурван байранд орсон багт гадаад хэлийг сурах, Бельги улсын гадаад хэлний багш нарын санаачилсан АЛТИССИА платформын 6 (545 000 төг), 3 (330 000 төг), 1 (180 000 төг) сарын эрхийг гардууллаа. Уг платформд франц, англи, герман, испани, итали хэлний онлайн хичээл багтсан байна.

МУИС-ийн франц орон судлалын 2-р түвшний оюутнууд ENT багийн гишүүд болох Б.Номинзул, О.Хантулга, Э.Даваажаргал нар франц хэлний апликэйшн зохион бүтээж 1-р байр, Coucou баг Б.Ариунтунгалаг, Б.Тэмүүлэн, Ц.Хонгорзул, Б.Дүүрэнтуяа нар гар утасны функц ашиглан франц хэлний дуудлагаа сайжруулан 2-р байр, ABC баг Л.Оюу-Эрдэнэ, Х.Маралгоо, С.Отгонбаяр вэбсайт ашиглаж цээж бичгийн ур чадвараа сайжруулан 3-р байр, Торомнууд баг Т.Цолмон, О.Бундхорол, Б.Солонго аппликэйшн ашиглан үгийн сангаа нэмэгдүүлж 4-р байранд орсон ба Léopard noir багийн гишүүд Х.Мягмарсүрэн, М.Уянга, Э.Энхзул нар аппликэйшн болон youtube суваг ашиглаж чөлөөт цагаараа франц хэлний түвшингээ сайжруулж 5-р байрт тус тус шалгарлаа.

Глобал майнд онлайн сургалтын төв эл Алтиссиа платформыг хөгжүүлж байгаа бөгөөд 3-р байрын эрхийг гардуулан оролцлоо.