МУИС-ийн ОУХНУС-ийн Олон улсын харилцаа хөтөлбөрийг төгсөгч ах эгч нараас нь идэвхтэй суралцаж буй оюутан дүү нартаа зориулан 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн төгсөгчдийн нэрэмжит тэтгэлгийг гардуулах болсон. “2018 оны төгсөгчдийн нэрэмжит” тэтгэлгийг оюутан Б.Итгэл өөрийн сурлагын амжилт, хамт олны дундах нэр хүндээрээ ноднин жил хүртсэн.
2019 оны 12 сарын 6-ны өдөр зохион байгуулсан Олон улсын харилцаа хөтөлбөрийн ажил олгогч-төгсөгч-оюутан-багш нарын дөрвөн талт уулзалтын үеэр 2011 оны төгсөгч Э.Ренчиндорж “SRT клубын төгсөгчдийн нэрэмжит тэтгэлэг”-ийг зарласан юм. Тэрбээр SRT клубыг үүсгэн байгуулагчдын нэг, “Hermes” тэмцээнийг санаачлагч билээ.
Энэхүү тэтгэлгийг дараах болзлыг хангасан олон улсын харилцаа хөтөлбөрийн оюутнуудыг шалгаруулан олгох юм. Тухайлбал,
“SRT клубын төгсөгчдийн нэрэмжит тэтгэлэг”-ийн болзол:
- ОУХНУС-ийн олон улсын харилцаа хөтөлбөрийн оюутнууд хариуцан зохион байгуулдаг клубын идэвхтэй гишүүн байх
- Клубынхээ үйл ажиллагаанд идэвх санаачилгатай, чин сэтгэлээсээ дэмжиж оролцдог байх
- Суралцах хугацаандаа томоохон тэтгэлэг хүртээгүй байх (ялангуяа, энэ хичээлийн жилд )
- “Оюутны клуб чиний ур чадвар, хандлага, төлөвшилд хэрхэн нөлөөлж байна вэ” сэдэвт 150 хүртэлх үгтэй эссе бичих
Бүртгэл, сонгон шалгаруулалт:
Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн олон улсын харилцаа хөтөлбөрийн оюутнууд 2019 оны 12 дугаар сарын 23-ны 17:00 цаг дотор бүрдүүлсэн материалаа МУИС Хичээлийн V байр 301 тоотод ОУХ-ны тэнхимийн ажилтан Э.Мэргэнд өгнө үү. Тэнхимээс томилогдсон комисс ажиллаж шалгаруулалтыг дүнг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зарлах болно. Та бүхэндээ амжилт хүсье.
Олон улсын харилцааны тэнхим