МУИС-ийн ХШУИС, ХБИТ-ийн проф.Б.Цэрэнханд багш, судлаач оюутны хамт хэрэгжүүлсэн инновацийн төслийн үр дүнд “Увдист Ханд” эмчилгээний шавар, гоо сайхны бүтээгдэхүүнийг хийжээ. Иймд МУИС-ийн дэргэд “Энх Тунх” гарааны компани байгуулах, инновацийн бүтээгдэхүүнийг хөрөнгө оруулагчдад танилцуулах, хэрэглэгчийн судалгаа авах, технологи хөгжүүлэлтэд мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөө, саналыг хэлэлцэх зорилго бүхий уулзалт, өдөрлөг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Тус өдөрлөгт МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал, Инноваци, технологи дамжуулах төвийн ахлах мэргэжилтэн Д.Лхагвасүрэн, ХШУИС-ийн ХБИТ-ийн профессор, судлаачид, БСШУСЯ-ны Инновацийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Энхтуяа, ШУТБГ-ын ахлах мэргэжилтэн Гульфира, Оюуны Өмчийн Газрын Аж үйлдвэрийн өмчийн хэлтсийн дарга C.Урангэрэл, Шинэ бүтээлийн шинжээч Б.Оргилмаа, Барааны тэмдгийн шинжээч Г.Буяндэлгэр, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Эрүүл ахуйн хими, хор судлалын хяналтын лабораторийн эрхлэгч Л.Уранчимэг, Монос косметик ХКК-ийн Ерөнхий технологич Л. Хишигсүрэн нар оролцлоо.
Өдөрлөгийн үеэр тус инновацийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, лицензийн гэрээ байгуулах, хамтын ажиллагаа хөгжүүлэх, оюуны өмчийн хамгаалалт ба технологи хөгжүүлэлт, гарааны компани байгуулах боломж ба тулгамдаж буй асуудлын оролцогч талууд харилцан бүтээлч санал солилцож проф.Б.Цэрэнханд багшийн цаашдын судалгааны ажилд амжилт хүслээ.
Холбоо барих: МУИС, Инноваци, технологи дамжуулах төв
Утас: 77307730 (1141), tto@num.edu.mn http://innovation.num.edu.mn