Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах Олон улсын өдрийг тохиолдуулан НҮБ-аас зарласан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо, тэгш байдлыг хангаж, эрх мэдэлжүүлэх нь” уриан дор Оюутан, төгсөгчийн хэлтэс нь суралцагчдад хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт хандлагыг нэмэгдүүлэх суралцагчдад тулгамдаж буй асуудлаар санал солилцох, цаашид судалгаанд тулгуурлан үйл ажиллагааг хэрэгжүүлэх, суралцагчдад ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор “Тэгш хамруулах үзэл баримтлал” уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газар, Монголын хараагүйчүүдийн холбооны гишүүд, МУИС-ийн хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын талаар судалгаа хийдэг багш нар, оюутны клубүүд, МУИС-ийн хөгжлийн бэрхшээлтэй суралцагч нар оролцлоо.
Тус хэлэлцүүлэгт Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газрын сэргээн засах сургалтын төвийн багш Ш.Мөнхзаяа “Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчидтай ажиллах арга зүй”, Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газрын мэргэжилтэн Э.Уянга “ХБХХЕГ-ын үйл ажиллагаа, хөгжлийн бэрхшээлтэй хүний өнөөгийн байдал” , МУИС-ийн сэтгэл судлалын тэнхимийн багш Э.Оюундэлгэр “Хөгжлийн бэрхшээл судлалын талаарх ойлголт”, Монгол хараагүйчүүдийн холбооны гишүүн У.Мөнхтөр “Монголын харааны бэрхшээлтэй оюутнуудын өнөөгийн байдал” сэдвүүдээр тус тус илтгэл хэлэлцүүлж, суралцагчид өөрсдийн санал бодол, тулгамдаж буй асуудлын талаар сэтгэгдлээ хуваалцлаа.
Энэхүү уулзалт хэлэлцүүлгийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаа тухайгаа Оюутан төгсөгчийн хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг хэлж, дараа дараагийн өдөрлөгийн оролцоо, хүрээ улам өргөжиж, тодорхой үр дүнтэй ажлууд хийгдэх болно гэв.
“Тэгш хамруулах үзэл баримтлал” өдөрлөгийн хүрээнд МУИС-д амжилттай суралцаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй 3 суралцагчдад сурч боловсроход нь дэмжлэг үзүүлж тэтгэлэг гардууллаа.
Тэтгэлгийн батламжийг:
- ШУС-ХУС-ын Түүхийн хөтөлбөрийн 3-р түвшний суралцагч Б.Гомбодорж
- ШУС-ХУС-ын Утга зохиол судлалын хөтөлбөрийн ахисан түвшний суралцагч Б.Арвинбуудай
- ХШУИС-ийн Програм хангамжийн хөтөлбөрийн 2-р түвшний суралцагч Т.Мөнх-Орших нар гардан авав.
Монголын хараагүйчүүдийн холбооноос харааны бэрхшээлтэй хүнд зориулсан ном гарын авлаг, ашиглах шаардлагатай зарим хэрэглэгдэхүүний танилцуулга хийлээ.
Оюутан, төгсөгчийн хэлтэс