Монгол Улсын Их Сургууль болон “Ай Си Ти Групп” ХК хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичигт МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал, “Ай Си Ти Групп” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Улаанхүү нар гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн зорилго нь талуудын хөгжил дэвшилд шаардлагатай хамтарсан судалгаа шинжилгээний ажил хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, шинэ технологи, инновацийн хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт босгох, зөвлөх үйлчилгээ хэрэгжүүлэх, оюутан дадлагажуулах, хүний нөөцийн залгамж холбоог бий болгох юм.
Энэ үеэр талууд өмнө хамтран ажиллаж байсан үйл ажиллагаагаа, туршлагын талаар дүгнэж хэлэлцэхийн зэрэгцээ цаашид хамтарсан болон захиалгат эрдэм шинжилгээ, судалгаа боловсруулалтын ажил гүйцэтгэх, судалгаа шинжилгээний ажил, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд талуудын төлөөллийг оролцуулах, шаардлагатай дэмжлэг үзүүлэх; МУИС-ийн дэргэд байгуулагдах судалгаанд тулгуурласан гарааны компанийн үйл ажиллагааг дэмжихэд хамтран ажиллах; компанийн зүгээс МУИС-ийн магистр, докторын сургалтад хамрагдан суралцаж буй суралцагсдад судалгааны ажилд арга зүйн зөвлөгөө өгөх зэрэг асуудлуудаар харилцан санал солилцлоо.
Хамтын ажиллагааны гэрээ зурах ёслолд “Ай Си Ти Групп” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Улаанхүү, ТУЗ-ийн дарга Г.Лхамсүрэн, Технологи хариуцсан захирал А.Баттамир болон МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал, Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Г.Мөнхбаяр, Ахисан түвшний сургуулийн бодлогын газрын дарга Б.Энх-Амгалан, Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ш.Мэндбаяр, ШУС-ийн захирал Д.Заяабаатар, ШУС-ийн Байгалийн ухааны салбар хариуцсан дэд захирал Ц.Амартайван, Нийгмийн ухааны салбар хариуцсан дэд захирал Б.Болд-Эрдэнэ нар оролцлоо.