Удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдсөн багш нарт хүндэтгэл үзүүллээ

Share Button

Өнөөдөр /2019.12.30/ МУИС-ийн УЗ-ийн дарга С.Цэдэндамба, МУИС-ийн удирдлагууд болон тус сургуулийн Удирдах зөвлөлд шинээр сонгогдсон багш нар Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаад чөлөөлөгдсөн А.Галтбаяр, Д.Заяабаатар, Ч.Лодойравсал нарт хүндэтгэл үзүүллээ.

МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар хэлсэн үгэндээ “МУИС-ийн УЗ-д ажиллаж байсан багш нартаа хүндэтгэл үзүүлэх уламжлалыг бий болгоё гэж шийдвэрлэсэн юм. МУИС-ийн удирдлага, УЗ-ийн дарга, шинээр сонгогдсон гишүүдийн хамт Та бүхний сургуулийнхаа төлөө дуу хоолойгоо өргөж, олон чухал шийдвэрийг гаргахад түүчээлэн оролцсонд талархаж алд цэнхэр хадаг, мөнгөн аягыг өргөн барьж байна” гээд цаашдын ажилд нь амжилт хүслээ.

УЗ-ын дарга С.Цэдэндамба МУИС-ийн сургалтын хөтөлбөрийг орчин үеийн чиг хандлагад нийцүүлэх зэрэг олон чухал ажилд оюун билгээ зориулж ирсэн УЗ-ийн гишүүддээ талархаж буйгаа илэрхийлэв.

Удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан МУИС-ийн ШУС-ийн захирал Д.Заяабаатар “Бидэнд хүндэтгэл үзүүлэн хүлээн авч буйд талархаж байна. Миний хувьд бүх хамт олны дундаас сонгогддог УЗ-ийн гишүүнийг сургуулийн хамгийн том албан тушаал гэж боддог. УЗ-ийн гишүүн гэдгийг зөвхөн нэг өнцгөөс харж болохгүй. Зөвхөн багш гэж Захиргааны нөгөө талд зогсох нь утгагүй. МУИС гэсэн том эрх ашгийг харах хэрэгтэй. Би энэ зарчмыг барьж ажилладаг” гээд шинэ гишүүдэд амжилт хүссэн юм.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар