Мэдэгдэл | МУИС-ийн нийт профессор багш, ажилтнуудын анхааралд

Share Button

2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас Монгол Улс коронавирусын халдварт өвчний өндөр эрсдэлтэй орны тоонд орж байгаа тул өмчийн хэлбэр харгалзахгүй бүх их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн үйл ажиллагааг 2020 оны нэгдүгээр сарын 27-оос 3 дугаар сарын 2-ны Даваа гараг хүртэл зогсоох шийдвэр гаргасан.

Уг шийдвэртэй холбогдуулан /2020.01.27/ МУИС-ийн захирлуудын шуурхай, Захиргааны зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болж хичээл, сургалтын үйл ажиллагаатай холбоотой дараах шийдвэрүүдийг гаргалаа.

  • Засгийн газрын ээлжит бус хуралдаан, Улсын онцгой комисс, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, БСШУСЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын холбогдох шийдвэрүүдийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг хоёрдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл зайн сургалтын хэлбэрээр явуулах;
  • Зайн сургалтыг МУИС-ийн сургалтын СиСи системийг ашиглан явуулах бөгөөд энэ талаарх дэлгэрэнгүй зөвлөмжийг багш, оюутнуудад хүргүүлэх;
  • Дурдсан хугацаанд Монгол Улсын Их Сургуулийн хэмжээнд багш, ажилтан, суралцагсдыг хамруулсан аливаа олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх;
  • Багш, ажилтнууд холбогдох байгууллагаас гаргасан заавар, зөвлөмжийн дагуу хувийн ариун цэврийг сайтар сахих;
  • Багш нар ажлын байран дээр биеэр ирэх шаардлагагүй тохиолдолд зайн хэлбэрээр ажиллах;
  • Зайлшгүй шаардлагагүй тохиолдолд коронавирусын халдварт өвчний эрсдэлтэй орнуудад томилолт болон хувийн ажлаар зорчихгүй байх;
  • МУИС-ийн багш, суралцагсдаас бусад ажилтны хувьд ажил хэвийн үргэлжлэх бөгөөд сургуулийн орчинд амны хаалтыг тогтмол хэрэглэж, өрөө тасалгаандаа ариутгал, цэвэрлэгээ тогтмол хийх;
  • 0-5 насны хүүхэдтэй багш, ажилтнууд хүүхэд нь томуу, томуу төст өвчтэй бол тухайн бүрэлдэхүүн сургууль, нэгжийн удирдлагад мэдэгдэж шаардлагатай тохиолдолд холбогдох материалыг бүрдүүлэн 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө авах;
  • Коронавирусын халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн эсвэл сэжигтэй тохиолдол гарсан даруйд МУИС-ийн эмнэлэг /77307730 – 1218/, Халдварт өвчин судлалын үндэсний төвд яаралтай хандах;
  • Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн болон оюутны байранд амны хаалтгүй иргэдийг нэвтрүүлэхгүй байх.

Түүнчлэн МУИС-ийн Эмнэлгийн эмч З.Гаравсүрэн Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж өглөө.

МУИС-ийн Захиргаа