АНХААРУУЛГА

Share Button

МУИС-ийн оюутан, суралцагч та бүхэнд хандаж дараах анхааруулгыг албан ёсоор хүргэж байна.

Сүүлийн өдрүүдэд “МУИС-ийн албан ёсны оюутны нэгдэл групп” гэх МУИС-тай холбогдолгүй хувь хүмүүсийн мэдэлд байдаг, албан бус фэйсбүүк группэд МУИС-ийн цахим сургалтын талаар нийгэмд буруу ойлголт төрүүлэх, МУИС-ийн сургалт, судалгааны хэвийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж болохуйц, суралцагч, оюутан залуусыг буруу хандлагад уриалан турхирсан сэтгэгдэл бичих, элдэв пост оруулах зэрэг үйлдэл ажиглагдлаа.

Энэ нь Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэн онцгой нөхцөл байдалд ажиллаж байгаа манай нийт эрдэмтэн багш, ажилтнуудын хүчин чармайлт, хичээл зүтгэлийг үгүйсгэн, нэр хүндэд нь халдах, цахим сургалтдаа тогтмол идэвхтэй хамрагдаж байгаа 12000 гаруй оюутнуудын дийлэнх олонхын хичээл зүтгэлийг харлуулах гэж оролдсон цөөхөн хүний үйлдэл гэж бид ойлгож байна.

Нийт суралцагчдын тооноос 5 дахин олон гишүүнтэй, МУИС-ийн оюутан биш, үл хамаарал бүхий этгээдүүдийн фэйсбүүк групп дээрх бусдыг буруу хандлагад уриалан дуудсан, турхирсан үйлдлүүдийг МУИС-ийн Захиргааны зүгээс холбогдох хууль хяналтын болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран анхааралтай ажиглан, хяналт тавьж байна.

Оюутан, суралцагч та бүхэн улс орон даяар мөрдөж буй онцгой нөхцөл байдлаас үүдэн бүх их, дээд сургуулиудад хэрэгжүүлж буй цахим сургалтад идэвхтэй хамрагдаж, МУИС-ийн цахим сургалт, багш нартай холбоотой санал хүсэлтээ албан бус группт тавих бус МУИС-ийн санал, гомдлыг шийдвэрлэх дараах эх үүсвэрүүдээр дамжуулан гаргана уу? Үүнд:

  1. Элсэлт, бүртгэлийн хэлтсийн харгалзах утас /08.30-17.30 цагийн хооронд/, цахим шуудангаар:
  1. СИСи мэдээллийн системийн  асуулт, санал хүсэлтийн модуль /Мэдээллийн технологийн газар, 77307730-1153/
  2. “МУИС, Элсэлт, бүртгэлийн хэлтэс” фэйсбүүк хуудас

Бусад цахим хэлбэрээр илэрхийлж байгаа сургалттай холбоотой санал гомдлыг шийдвэрлэх боломжгүй болно.

Та бүхний ажил хэрэгч, шийдэл эрэлхийлсэн үнэтэй зөвлөгөө, санал шүүмжлэлийг таатай хүлээн авах ч гүтгэлэг, доромжлол, буруу хандлага, өдөөн турхиралтыг хүлээн зөвшөөрөхгүй, буруутай этгээдийг олж тогтоон зохих хариуцлага хүлээлгэнэ гэдгийг албан ёсоор анхааруулъя.

МУИС-ийн Захиргаа