Өнөөдөр /2020.03.06/ МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар, МУИС-ийн Номын сангийн захирал, доктор Г.Цэрэн нар Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга, МУИС-ийн ректор, Жамбын Батмөнх агсны гэргий А.Дариймаад хүндэтгэл үзүүлэн МУИС-аас ахмад багш, ажилтнуудад олгож буй буцалтгүй тусламжийг биечлэн өглөө. Коронавирусийн дэгдэлттэй холбоотой хөл хорио тогтоосон энэ цаг үед А.Дариймаа гуайн үр хүүхдүүдээс албан ёсоор зөвшөөрөл авч гэрт нь очсон юм.
А.Дариймаа МУИС-ийн Номын санд 36 жилийн турш тасралтгүй номзүйч, номын сангийн эрхлэгчээр ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан МУИС-ийн ахмад номын санч билээ. Тэрбээр МУИС-ийн номын сангийн сан хөмрөгийг нэмэгдүүлэх, хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулжээ.
МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар “МУИС-аас 80, 85, 90-ээс дээш насны ахмад багш, ажилтнууддаа буцалтгүй тусламж олгодог болсон. Танд энэ буцалтгүй тусламж болох 756.000 төгрөгийг сүү, цагаан идээний дээжтэй өргөн барьж байна. Танд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гээд А.Дариймаа гуайн их сургуульд ажиллаж байсан үеийг дурсан хөөрөлдлөө.
А.Дариймаа “Их сургуулийнхаа хамт олонд баярлаж байна. Сургуулийнхаа хажуугаар гарахдаа ороод гарахсан гэж боддог юм. Хөл тааруу учраас тэр бүр чадахгүй. Залуу байхад өвгөн /Ж.Батмөнх агсныг ярьж байна/-дөө өдрийн хоолыг нь цүнхэнд нь хийж өгөөд явуулна. Цайны цаг болохоор өвгөнийхөө өрөө рүү гүйчихнэ. Өрөө нь 1-р байрны баруун жигүүрт байсан. Арын жижиг өрөөнд нь хоёулаа өдрийнхөө цайг уудаг байлаа. Сургуультай маань холбоотой олон сайхан дурсамж бий. Хүүхдүүд та бүхэнд ажлын амжилт хүсэж эрүүл энхийг ерөөе” гэв.
Мөн МУИС-ийн нийт хамт олонд баярлаж талархаж буйгаа илэрхийлснийг уламжилж байна.
Ж.Батмөнх агсан 1967-1972 онуудад МУИС-ийн проректор, ректор, 1974 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, мөн оны зургаадугаар сард БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу ерөнхий сайдаар томилогдож 1984 он хүртэл БНМАУ-ын 13 дахь ерөнхий сайдаар, 1984-1990 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар буюу Төрийн тэргүүнээр ажиллаж байсан юм. 1997 онд тэрээр хорвоогийн мөнх бусыг үзүүлж, түүний гавьяаг нь мөнхжүүлэхээр МУИС-ийн Бизнесийн сургуулийн өмнөх талбайг түүний нэрэмжит болгон, гэрэлт хөшөөг нь босгосон түүхтэй.