“Жи Мобайл”-ын дугаараас МУИС-ийн СИСи мэдээллийн системд хандахад дата үнэгүй боллоо

Share Button

Шинэ төрлийн коронавирусээр үүсгэгддэг Covid-19 өвчлөлийн дэгдэлтийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд улс даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан их, дээд сургуулиудын танхимыг хичээлийг зогсоон цахим хэлбэрт шилжүүлсэн.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их сургуулиас хорио цээрийн хугацаанд суралцагчдад сурах боломжийг олгохын тулд их сургуулиудын удирдлагын систем (МУИС-ийн хувьд http://sisi.num.edu.mn) болон хичээлийн видео байршуулсан платформууд руу 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хандахад үүрэн холбооны дата хэрэглээг үнэ төлбөргүй болгох уриалга гаргасан юм.

Энэхүү уриалгыг 21 аймгийн 320 орчим сум, суурин газарт сүлжээгээ хүргэсэн үндэсний үүрэн холбооны Жи Мобайл ХХК дэмжин МУИС-ийн СИСи мэдээллийн системд тус компанийн дугаарыг ашиглан үнэ төлбөргүй хандах боломжийг нээлээ. Оюутан дурын Жи Мобайлын дугаараас СИСи мэдээллийн системд хандахад дата төлбөр тооцогдохгүй бөгөөд тухайн дугаар нь заавал оюутны нэр дээр байх шаардлага тавигдахгүй.

Улс оронд тулгарсан хүнд бэрх цаг хугацаанд оюутан залууст оюуны бодит хөрөнгө оруулалт хийж буй Жи Мобайл ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.

Түүнчлэн үүрэн холбооны бусад компаниуд улс орны өмнө тулгарсан онцгой нөхцөл байдлын үед нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монгол Улсын Их Сургуулиас гаргасан уриалгыг дэмжиж хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.