Шинэ төрлийн коронавирусээр үүсгэгддэг Covid-19 өвчлөлийн дэгдэлтийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд улс даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан их, дээд сургуулиудын танхимыг хичээлийг зогсоон цахим хэлбэрт шилжүүлсэн.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их сургуулиас хорио цээрийн хугацаанд суралцагчдад сурах боломжийг олгохын тулд их сургуулиудын удирдлагын систем (МУИС-ийн хувьд http://sisi.num.edu.mn) болон хичээлийн видео байршуулсан платформууд руу 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хандахад үүрэн холбооны дата хэрэглээг үнэ төлбөргүй болгох уриалга гаргасан юм.
Энэхүү уриалгыг Жи Мобайл ХХК дэмжин МУИС-ийн СИСи мэдээллийн системд тус компанийн дугаарыг ашиглан үнэ төлбөргүй хандах боломжийг нээж өгсөн.
Тэгвэл өнөөдрөөс Скайтел компанийн дугаартай хэрэглэгчид дараах дата багцыг идэвхжүүлээд https://sisi.num.edu.mn/ сайт руу дата төлбөргүй хандах боломжтой боллоо. Зааврыг ЭНД дарж үзнэ үү.
Улс оронд тулгарсан хүнд бэрх цаг хугацаанд оюутан залууст оюуны бодит хөрөнгө оруулалт хийж буй үүрэн холбооны компаниуддаа талархал илэрхийлье.
Түүнчлэн үүрэн холбооны бусад компаниуд улс орны өмнө тулгарсан онцгой нөхцөл байдлын үед нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монгол Улсын Их Сургуулиас гаргасан уриалгыг дэмжиж хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.