ТАЛАРХАЛ | Их, дээд сургуулийн багш, ажилтнуудыг НДШ-ээс чөлөөлөх саналыг УИХ дахь МАН-ын бүлэг гаргалаа

Share Button

Коронавирусийн улмаас үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний тухай 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулсан.

Тус шийдвэрт их, дээд сургуулийн багш, ажилтнуудын асуудал орхигдож, хамрагдах эсэх нь тодорхойгүй байсан юм.

Үүнтэй холбогдуулан МУИС-ийн захирлын санаачилгаар УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо болон УИХ дахь МАН-ын бүлэгт их, дээд сургуулийн багш, ажилтнуудыг энэхүү хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулж НДШ-ээс чөлөөлөх тухай үндэслэл бүхий саналыг хүргүүлээд байсан юм.

Тэгвэл өнөөдөр /2020.04.06/ УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж бидний хүргүүлсэн саналыг дэмжин их, дээд сургуулийн багш, ажилтнуудыг НДШ-ээс чөлөөлөх асуудлыг Засгийн газрын тогтоолын төсөлд тусгуулахаар шийдвэрлэснээ мэдэгдлээ.

Энэ асуудлыг хүлээн авч ойлгон дэмжиж, нааштай шийдвэрлэхэд идэвх зүтгэл, санаачилгатай ажилласан УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны дарга, гишүүд, БСШУС-ын сайд, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдэд нийт эрдэмтэн багш, ажилтнуудынхаа нэрийн өмнөөс талархал дэвшүүлж байна.

Дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлын үед эв нэгдэл, хариуцлага, хандлагаа зөв ухамсарлаж, бэрхшээл саадыг хамтын хүчээр давж гарах итгэл найдвар төгс байна.

МУИС-ийн Захиргаа