Дашдондогийн Болд
(1941-2020)
Монгол Улсын гавьяат багш Дашдондогийн Болд 2020 оны 5 сарын 26-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж ар гэр, эрдмийн нөхөд, шавь бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.
Д.Болд нь 1941 онд Өвөрхангай аймгийн Хужирт суманд айлын ууган хүү болон мэндэлсэн бөгөөд 1950-1960 онд Өвөрхангай аймгийн Төвийн 10 жилийн сургуульд суралцаж, 1960-1964 онд Улсын Багшийн Дээд Сургуулийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгсжээ.
Тэр бээр 1964-1966 онд Өвөрхангай аймгийн Уянга сумын дунд сургууль, 1966 онд Арвайхээр хотын 10 жилийн сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байгаад мөн оноос Гэгээрлийн Яамны шийдвэрээр Улсын Багшийн Дээд Сургуулийн Монгол хэл, уран зохиолын факультетад багшаар томилогджээ. Улмаар 1974-1976 онд тэнхимийн эрхлэгч, Сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1976-1981 онд Хичээлийн ангийн эрхлэгчээр ажиллаж багш бэлтгэх үйлст өөрийн хувь нэмрээ оруулж ирсэн чадварлаг сурган хүмүүжүүлэгч байв.
Д.Болд нь 1981-1982 онд Дээд, тусгай, дунд боловсролын Улсын хороонд хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1982-1984 онд Ардын Боловсролын Яамны Боловсон хүчин, Захиргааны Газрын дарга, 1984-1988 онд Дээд, тусгай, дунд боловсролын Улсын хороо, Шинжлэх Ухааны Дээд Боловсролын Хороонд хариуцлагатай нарийн бичгийн дарга, хэлтсийн даргаар ажиллан дээд боловсролын тогтолцоог боловсронгуй болгох, үндэсний боловсон хүчин бэлтгэх үйл хэрэгт тодорхой үүрэг гүйцэтгэсэн авьяаслаг зохион байгуулагч бөгөөд 1988-1991 онд ЗХУ-ын Эрхүү хот дахь БНМАУ-ын Ерөнхий консулын газар Консулаар томилогдож оюутан сурагчдын эрх, нийгмийн асуудлыг анхааран ажиллаж байсан халамжлан хүмүүжүүлэгч байв.
Д.Болд нь 1991-1996 онд МУИС-ийн Монгол хэлний тэнхимд багш, 1996-1998 онд БНЭУ-ын Ж.Неругийн нэрэмжит Их сургуульд зочин профессор, 1998-2002 онд МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуульд багш, тэнхимийн эрхлэгчээр ажиллажээ. Мөн 2002-2010 онд Олон Улсын Улаанбаатарын дээд сургуульд сургалтын албаны дарга, сургалт эрхэлсэн дэд захирлын алба хашиж байв.
Д.Болд нь боловсролын салбарт 43 жил ажиллахдаа бүх шатны сургуульд багшилсан төдийгүй үүнээс 41 жилд нь дээд боловсролын байгууллагад ажиллаж өөрийн мэдлэг боловсрол, хүч чадлаа зориулан сургалтын ажлыг чанаржуулах, мэргэшил, чадвар, дадлагатай багш бэлтгэх, дээд боловсролын тогтолцоог бэхжүүлэх, боловсронгуй болгох үйлст өөрийн ухамсарт амьдарлаа зориулсан зүтгэлтэн байсан юм.
Д.Болдын Монгол улсын дээд боловсролын салбарыг боловсронгуй болгох, мэдлэг чадвартай багш, сурган хүмүүжүүлэгч бэлтгэх үйлст оруулсан хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж Ардын хувьсгалын 50, 60 жилийн ойн медаль, Ардын боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг, Алтан гадас одон, Монгол Улсын гавьяат багш цол хүртээсэн юм.
Эрхэм багш Д.Болдын чин шударга зан, хөдөлмөрч хүнлэг чанар, эгэл даруу, нөхөрсөг гэгээн дүр нь хамт олон, найз нөхөд, олон мянган шавь бидний зүрх сэтгэлд үүрд мөнхрөх болно.
Монгол Улсын гавьяат багш Д.Болд багшийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухааны Сургуулийн Захиргаа
Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхим