МУИС-ИЙН 75 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨЛТ, ЭРДМИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ

Share Button

Эрхэм хүндэт МУИС-ийн төгсөгчид өө.

Та бүхэнд МУИС-ийн 75 дахь хичээлийн жилийн төгсөлт, “Эрдмийн баяр”-ын халуун мэндчилгээг МУИС-ийн эрдмийн хамт олны өмнөөс чин сэтгэлээсээ дэвшүүлье.

МУИС-ийн “Эрдмийн баяр” нь Монгол Улсын хөгжлийг түүчээлэх шилдэг залуусаа эх орноо хөгжүүлж, тив дэлхийд өөрийн болон төрөлх их сургуулийнхаа нэрээ цуурайтуулах цаг нь болсон хэмээн ажил, амьдралын аянд нь арвин ерөөлөөр үдэн мордуулж буй бахархлын баяр билээ.

Дэлхий нийтийн хэмжээнд тохиолдоод буй цар тахлын улмаас их, дээд сургуулиудын хичээлийг цахим хэлбэрт шилжүүлсэнтэй холбогдуулан МУИС-ийн танхимын хичээл цахим хэлбэрт шилжиж, энэ хичээлийн жилийн төгсөгчид анхны “цахим төгсөгчид” болж байна.

МУИС-ийн зүгээс Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас ирүүлсэн зөвлөмжийг чандлан баримталж энэ хичээлийн жилийн төгсөлтийн баярыг зохион байгуулахгүйгээр төгсөгч та бүхэнд диплом, энгэрийн тэмдгийг баталгаат шуудангаар хүргүүлж буйг ойлгон хүлээн авч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Цахим сургалтад хүчин чармайлт гарган хичээлүүдээ цахим хэлбэрт шуурхай шилжүүлэн ажилласан МУИС-ийн нийт эрдэмтэн багш нар, цахим хичээлдээ шамдан, бие даан суралцах чадварыг тодорхой хэмжээнд эзэмшин, амжилттай суралцсан суралцагсад, төгсөгчид та бүхэндээ талархал илэрхийлье.

Зөвхөн манай сургуульд бус дэлхий нийтэд нэгэн шинэ сорилт болсон энэхүү цахим сургалтыг МУИС-ийн нийт эрдмийн хамт олон арвин туршлага хуримтлуулж, Монголоо манлайлан амжилттай даван гарсан гэдэгт итгэлтэй байна. Цаашид ч МУИС нь цахим сургалтаа туйлбартай хөгжүүлэх болно.

Энэ хичээлийн жилийн хаврын улиралд МУИС-ийг бакалаврын зэрэгтэй 1821, магистр 270, доктор 10, нийт 2101 суралцагч төгсөж байна. Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын 4, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос  Ард Улсын 1, Бүгд Найрамдах Солонгос Улсын 1, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 24, Оросын Холбооны Улсын 1, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын 1 суралцагч, нийт 32 гадаадын иргэн төгсөж байгаа юм.

Та бүхний хүлээн авч буй МУИС-ийн диплом нь дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх “дээд боловсролтой мэргэжилтэн” гэсэн баталгаа болохоос гадна Та бүхэн өөрийн нэрийн өмнө овог, эцгийн нэрээс гадна “МУИС-ийн төгсөгч” хэмээх шинэ тодотголтой болж байна. Энэ тодотголын үнэ цэнийг нэмэгдүүлж олон улсад үнэлүүлж ирсэн өмнөх үеийн төгсөгчдийн үйл хэргийг үргэлжлүүлэхийн зэрэгцээ өөрийн үнэлэмжээ нэмэгдүүлэх нь Та бүхний өмнө ирж буй их үүрэг хариуцлага билээ. “МУИС-ийн оюутан Монголын ирээдүй” хэмээх уриа үгийг үүрд санаж аливаа үйл хэрэгт Манлайлагч, Урьтач, Инноватор, Судлаач байж эх орныхоо хөгжил цэцэглэлтийг цогцлооход биечлэн оролцоорой.

МУИС-аас Та бүхэнд хүргэж буй захиа даалгаврыг чандлан биелүүлж  ТӨГСӨГЧ ТА хөгжлийн түүчээ, чадварлаг мэргэжилтэн, ёс зүйт, дэлхийд үнэлэгдсэн Монгол иргэн байхыг хүсэн ерөөе.

Эрин үеийнхээ хөгжлийн хурд, их ачааллыг даах чадвартай, дэлхийн аль ч улс орон, бүс нутагт хөрвөж ажиллах чадвартай мэргэжилтэн бэлтгэн гаргахыг цаг үе уриалан дуудаж байна. Энэхүү уриа дуудлагыг МУИС ойрын ба хэтийн төлөвлөгөөндөө тусган ажиллаж байгааг онцлон тэмдэглэе.

 

Монголоо манлайлж Дэлхийд өрсөлдөх Монголын ирээдүй МУИС-ийн төгсөгч Таны

Амьдрал тань гэгээн, ажил тань ирмүүн байх болтугай.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫН

АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ДОКТОР

Б.ОЧИРХУЯГ

МУИС-ИЙН ЭРДМИЙН ХАМТ ОЛОН

 

 

Loader Loading...
EAD Logo Taking too long?

Reload Reload document
| Open Open in new tab

Татах [144.50 KB]