ОХУ-аас шилжүүлэн авсан орон сууцыг МУИС-ийн багш, ажилтнууд үнэ төлбөргүй хувьчлан авах эрхийн бичгийг гардууллаа

Share Button

Өнөөдөр /2020.07.22/ Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас МУИС-ийн багш, ажилтнуудад орон сууц эзэмших эрхийн бичиг гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Энэхүү орон сууц нь ОХУ-аас үнэ төлбөргүй шилжүүлэн авсан орон сууц бөгөөд Монгол Улсын Засгийн газраас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт орон сууцыг оршин суугчдад нь хувьчлах бэлтгэл ажлыг хангаж, шийдвэрлэхийг даалгасныг МУИС-ийн Захиргаа хамтран хэрэгжүүлж “Орон сууц эзэмших эрхийн бичиг”-ийг гардуулсан юм.

Үйл ажиллагаанд МУИС-ийн захирал Б.Очирхуяг, Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Б.Энх-Амгалан, Хангамж, үйлчилгээний газрын дарга В.Алтансүх, ТӨБЗГ-ын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ч.Баяр-Эрдэнэ, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны мэргэжилтэн Д.Нямсүрэн нар оролцов.

2019 оны 12 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхий сайдын ОХУ-д хийсэн айлчлалын үр дүнд ОХУ-ын Засгийн газраас орон сууцны найман байрыг оршин сууж буй иргэдэд нь хувьчлах, Монгол Улсын өмчлөлд шилжүүлж хүлээн авах актад хоёр тал гарын үсэг зурсан бөгөөд өмнө дурдсан найман байрны нэг болох БЗД-ийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, 15 дугаар хорооллын 7-р байранд МУИС-ийн багш, ажилтан 60 айл, өрхийн 200 гаруй иргэн амьдардаг.

   

Засгийн газрын 2020 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн “Орон сууц хувьчлах тухай” 210 дугаар тогтоолоор 30 орчим жил түрээсийн байранд амьдарч байсан МУИС-ийн багш, ажилтнууд байраа үнэ төлбөргүй хувьчлан авах эрхийн бичгийг гардан авч буйдаа талархал илэрхийлж, өнгөрсөн хугацаанд сургуулийн удирдлагууд, захиргааны зүгээс тогтмол анхаарал хандуулж энэ асуудалд онцгой ач холбогдол өгч байсанд баярлаж байгаагаа илэрхийлж байв.