Инновацийн судалгаа-туршилтын төсөл амжилттай хэрэгжлээ

Share Button

Монголын уул уурхайн салбарын чадавхыг дээшлүүлэх, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхтэй холбоотой талуудын эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн захиалгат ажлуудыг зохион байгуулах, холбогдох чиглэлд мэргэжлийн туслалцаа үзүүлэн хамтран ажиллах боломж бүрдүүлэх зорилгоор 2019 оны 10 дугаар сарын 21-ны өдөр МУИС нь “Эрдэнэс Таван Толгой ХК”-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан билээ.

Мөн “Эрдэнэс Таван Толгой ХК”-аас 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулсан “Багш, оюутны стартап 2019” хөтөлбөрийн эцсийн шатны шалгаруулалтад амжилттай оролцсон ХШУИС-ийн профессор Б.Энхсаруул удирдагчтай “Энергийн Инноваци” багтай цаашид судалгаа, туршилт үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах санал дэвшүүлсэн юм.

 

Цэвэр энергийн технологи хөгжүүлэлтийн судалгааны баг нь нүүрс, занар, нефтийн шатах ашигт малтмалын химийн суурь судалгаа, мөн тэдгээрийн байгальд ээлтэй, дэвшилтэт технологи боловсруулалтын судалгаа, Монгол орны нүүрснээс метан хий гаргах зэрэг судалгааг эрчимтэй гүйцэтгэж ирсэн. Тус судалгааны баг нь нүүрснээс байгалийн хий гаргах судалгааны үр дүнд 2019 онд МУИС-ийн нэр дээр “Метанжуулах процессийн нэмэлт металл идэвхжүүлэгчтэй никель катализатор бэлтгэх арга”, “Дээж тогтоогч хоолой бүхий метанжуулалтын хөдөлгөөнгүй давхаргат реакторын бүтэц, ажиллагаа”  патентыг батлуулсан юм.

Профессор Б.Энхсаруул удирдагчтай судалгааны баг нь Таван толгойн ордын үндсэн болон исэлдсэн давхаргын чулуун нүүрснээс нийлэг байгалийн хий гаргах, Таван толгойн ордын нүүрснээс цэвэр метан хий гарган авах, оюуны өмчийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, судалгаа-туршилтын төслийг Эрдэнэс Таван Толгой ХК-ийн 50 сая төгрөгийн санхүүжилтээр 5 сарын хугацаанд амжилттай хийж гүйцэтгэлээ.

Энэхүү ажил нь эх орны байгалийн баялаг болох түүхий нүүрснээс цэвэр хийн түлш үйлдвэрлэн хот суурин газарт асуудал болж буй агаарын бохирдлын асуудлыг шийдэхэд томоохон хувь нэмэр оруулах инновацийн ажил боллоо. Цаашид төслийн үр дүнд “Эрдэнэс Таван Толгой” ХК нь эх орны байгалийн баялгийг үр дүнтэй аргаар боловсруулж, импортын бүтээгдэхүүнийг орлуулах, цэвэр, чанартай, олон улсын стандартад нийцсэн нийлэг байгалийн хийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд хямд үнээр нийлүүлэх бүрэн боломжтой юм.

Инноваци, технологи дамжуулах төв