Монголын Криминологичдын холбоо, Монгол Улсын Их сургуультай хамтран судалгааны магистрантурт суралцах тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна

Share Button

Монголын Криминологичдын холбооны МУИС-тай хамтарсан магистрын сургалтын бүтэн тэтгэлэгт хөтөлбөр

Монголын Криминологичдын холбоо, Монгол Улсын Их сургуультай хамтран 1.5 жилийн судалгааны магистрантурт суралцах тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна.

Зорилго: Хууль зүйн ухаанаас бусад салбарын мэргэжилтэй хүмүүст криминологийн онолын мэдлэг, судалгааны ур чадвар, арга барил эзэмшсэн тус салбарт өрсөлдөх чадвар бүхий судлаач, мэргэжилтэн бэлтгэх

Монголын Криминологичдын Холбоо нь криминологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, сурталчлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийгэмд үйлчилдэг сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны, ашгийн төлөө бус төрийн бус байгууллага юм.

Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа: 2020 оны 9 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сар

Хамрагдах чиглэл:

  • ШУС-ийн Сэтгэл судлалын магистр E-03130101
  • ХШУИС-ийн Хэрэглээний математикийн магистр E-05480101
  • ХШУИС-ийн Математик-статистик E-850400
  • ХШУИС-ийн Мэдээллийн технологи, Компьютерийн ухааны чиглэлийн аль нэг магистрын хөтөлбөр

Тус хөтөлбөрт хамрагдах суралцагч нь Монголын Криминологичдын Холбооны захиалгат судалгааны ажлыг МУИС-ийн эрдэмтэн багш нарын удирдлагаар гүйцэтгэж, харьяалах тэнхимээс зохион байгуулах уулзалт, хэлэлцүүлэг, дугуй ширээний ярилцлагуудад оролцоно. Монголын Криминологичдын холбоо тэтгэлэгт хамрагдагч магистрантын судалгаа, шинжилгээний ажилтай холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулна.

Тэтгэлэгт тавигдах ерөнхий шаардлага:

  • Бакалаврын зэрэгтэй;
  • Сурлагын голч дүн 3.0 буюу түүнээс дээш байх;
  • Бусад тэтгэлэгт хамрагдаагүй байх;
  • Давхар ажил эрхлэхгүй, бүтэн цагаар сурч, судалгаа шинжилгээний чиглэлээр ажиллах боломжтой байх;
  • Суралцах хөтөлбөрийн аль нэгээр МУИС-ийн судалгааны магистрын хөтөлбөрт хамрагдах;
  • Ахисан түвшний англи хэлтэй бол давуу талтай.

Тэтгэлгийн хэмжээ: Магистрын сургалтын 30 багц цагийн төлбөр, суралцах хугацаанд сар бүр судалгаа, шинжилгээний зардал болох 800,000 төгрөг олгоно.

Тэтгэлгийн сонгон шалгаруулалт: Тэтгэлгийн шалгаруулалтыг дараах хоёр үе шаттай зохион байгуулж олгоно. Үүнд:

  • Тэтгэлэг горилогчдын баримт бичиг, бичсэн эссэг үндэслэн хоёр дахь шатны шалгаруулалтад орох горилогчдын жагсаалтыг гаргана.
  • Сонгон шалгаруулах баг жагсаалтад багтсан горилогчидтой ярилцсан дүгнэлтийг үндэслэн шалгаруулж тэтгэлэг олгоно.

Тэтгэлэгт гурав хүртэл хүнийг шалгаруулна.

Бүрдүүлэх бичиг баримт:

  1. Монгол хэлээр бичсэн “Би яагаад энэ тэтгэлэгт тохирох вэ?” сэдэвт эссэ
  2. Намтар (Europass CV форматаар, Монгол хэлээр)
  3. Шаардлагыг хангаж буйг нотлох бусад баримтын хуулбар

Бүрдүүлсэн бүх баримтаа нэг файлд нэгтгэн PDF форматаар 2020 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 23:59 цагийн дотор criminologymgl@gmail.com  и-мэйл хаягаар ирүүлнэ үү. И-мэйлийн гарчгийг (subject) “МУИС-МКХ тэтгэлэг: [Өөрийн нэр]” гэж нэрлэнэ. Илгээх файлын нэрийг [өөрийн_нэр.pdf] гэж өгнө үү.

Шалгарсан нэр дэвшигчийг 2020 оны 9 дүгээр сарын 7-9-ний хооронд ярилцлагад урих болно.

Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан нэр дэвшигч харьяалах тэнхимийн магистрантурт 2020 оны 9 дүгээр сарын 10-ны 17:00 цагаас өмнө онлайнаар бүртгүүлж, хуваарийн дагуу элсэлтийн шалгалт өгөх болно гэдгийг анхаарна уу. Тэтгэлэг олгох шийдвэрийг тухайн тэтгэлэг горилогчийн магистрын элсэлтийн шалгалтын дүнг харгалзан зарлана.

 

Холбоо барих утас: 7000-1012

МОНГОЛЫН КРИМИНОЛОГИЧДЫН ХОЛБОО,

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ