Соёлын танхимын нээлт боллоо

Share Button

Энэ жил Монгол Улс БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд хоёр орны найрамдалт хамтын ажиллагаа бүхий л салбарын хүрээнд идэвхтэй өрнөж ирсэн бөгөөд нийгэм хүмүүнлэг, боловсролын салбарын хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулсан нэгэн үйл ажиллагаа өнөөдөр МУИС-ийн 2-р байрны 406 тоот танхимд боллоо.

   

МУИС-ийн дэргэдэх Улаанбаатар 2 Сэжун Институт нь Сэжун Институт сангаас зарласан “Соёлын танхим” тохижуулах төслийн сонгон шалгаруулалтад шалгарч нийт 24,596$ (30,000,000 вон)-ийн хөрөнгө оруулалтаар тус 406 тоот танхимыг шинэчлэн тохижуулжээ. Ухаалаг самбар, ухаалаг индэр, интернэт утасгүй сүлжээний иж бүрэн холболт бүхий тус танхимд багш өөрийн бэлдсэн хичээлийн хэрэглэхүүнээ сонирхолтой зааж, оюутнууд багаар ажиллан сургалтад идэвхтэй оролцох боломжтой бөгөөд үүний үр дүнд сургалт чанар үр өгөөж дээшлэх ач холбогдолтой юм.

МУИС-ийн ШУС-ийн захирал Д.Заяабаатар тус танхимыг нээж хэлсэн үгэндээ, “ШУС дээр ийм бүрэн хэмжээнд тоноглогдсон жишиг соёлын танхим нээгдэж байгаа нь энэ хичээлийн шинэ жилийн онцлог үйл явдал юм. Тус танхим нээгдсэнээр сургалтад оролцож байгаа багш, оюутнууд сэтгэл хангалуун байх нь дамжиггүй бөгөөд орчин үеийн сургалтын арга технологид тулгуурласан танхимтай болж байгаад баяртай байна.” хэмээв.

Мөн Ази судлалын тэнхимийн профессор Д. Сайнбилэгт тус танхимыг тохижуулах ажилд дэмжлэг үзүүлсэн ШУС-ийн захиргаа, Ази судлалын тэнхимийн солонгос судлалын салбарын багш нар болон бусад холбогдох хүмүүст талархал илэрхийлэн, энэ удаагийн танхим тохижуулах төсөлт ажил БНСУ-ын Сэжун Институт сангаас дэмжиж МУИС-д хэрэгжүүлсэн 5 дахь удаагийн бичил төсөл бөгөөд гол төлөв сургалтын техник технологийн шинэчлэлт хийх төсөл хэрэгжүүлж байгааг тэмдэглэв.