Олон Улсын Ахмадын баярын мэндчилгээ

Share Button

Монгол Улсад шинжлэх ухаан, дээд боловсролын үрийг тарьж, эх орныхоо ирээдүй хойч үеийнхэнд эрдмийн гэгээн замыг түүчээлсэн Монгол Улсын Их Сургуулийн ахмад багш, ажилтан та бүхэнд Олон Улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан чин сэтгэлийн халуун мэнд, энх тунх, аз жаргалтай, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Наяад жилийн тэртээ дайны хүчир жилүүдэд эрдэм боловсролын чухлыг тунхаглан улсын ууган их сургуулийг байгуулснаас хойш МУИС-ийн эрдмийн хамт олон салбар бүрд манлайлагч байж, улс орны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх суурь судалгаа, шинэ бүтээл, технологи, ололт амжилтаар бялхан байна.

Та бүхнийхээ бүтээн буй болгосон эрдэм оюуны төв,  нийгэм, оюун санааны хөгжил дэвшил, шинжлэх ухааны ололт бүхнийг нэр төртэй үргэлжлүүлж, амжилтыг бататган ахиулах нь бидний нэгэн зорилго билээ.

Монгол Улсын Их Сургууль ахмад эрдэмтэн багш нарынхаа мэдлэг, туршлагыг залуу хойч үедээ өвлүүлэх, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зэрэг олон чиглэлээр МУИС-ийн Ахмад багш, ажилтны нэгдсэн холбоотой хамтран, дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Монгол Улсын Их Сургуулийн эрдмийн элч, эвийн багана болсон эрдэмтэн багш, ажилтан та бүхнийг номын цагаан буян өнөд ивээх болтугай.

 

МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, доктор

Б.Очирхуяг

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар