ХЭЛЭЛЦҮҮЛЭГ-1 амжилттай зохион байгуулагдлаа

Share Button

Шинжлэх ухааны хөгжил, судалгаа шинжилгээнд өрсөлдөөн, үр дүн, инновацид суурилсан, нээлттэй, ил тод зарчмыг нэвтрүүлэхэд эрх зүйн орчны нөлөө” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж буй Хэлэлцүүлгийн эхний хэсэг амжилттай боллоо. Хэлэлцүүлгийн зорилго нь их сургуулийн сургалт, шинжлэх ухааны судалгаа шинжилгээний эрх зүйн орчныг боловсронгуй болгоход МУИС-ийн эрдэмтэн багш, профессоруудын оролцоог хангах, эрдмийн хамт олны санал бодлыг бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдад хүргүүлэхэд оршиж буй бөгөөд үр дүн нь УИХ-ын 2020 оны намрын чуулганаар хэлэлцэх боловсрол, шинжлэх ухааны хуулийн төслүүдэд тусгавал зохих МУИС-иас өргөн барих санал, зөвлөмж боловсруулах юм.

Хэлэлцүүлэгт МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуяг, эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал, санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Б.Энх-Амгалан нар оролцож, үг хэлж саналаа илэрхийллээ.

МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуяг хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, “Нэн чухал асуудлыг хөндөж хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа ажлын хэсэгт талархал илэрхийлж байна. Энэ нь зөвхөн хэлэлцүүлэг болоод өнгөрөх бус УИХ-аар хэлэлцэгдэх шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой асуудалд МУИС манлайлан оролцож, нөлөөлөл үзүүлж ажиллах үйл ажиллагааны эхлэл юм хэмээн онцлоод МУИС-аар овоглосон хүн бүр идэвхтэй оролцохыг уриаллаа.”

Хэлэлцүүлэгт нийт 56 багш оролцож, 3 чиглүүлэх илтгэл сонсож, 26 багш санал зөвлөмж хэллээ. УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх холбогдох хуулийн төслүүдэд МУИС төдийгүй бусад их дээд сургуулийн саналыг тусгахад анхаарах, хууль тогтоох болон төрийн шийдвэр гаргах түвшинд нөлөөллийн үйл ажиллагааг идэвхтэй хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг санал болгов.

 

Хэлэлцүүлэг-2 нь дээд боловсрол болон ШУ-ны засаглал, санхүүжилт сэдвийн хүрээнд  2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр МУИС-ийн 1-р байрны 320 тоот танхимд 15.00 цагт болно. Хэлэлцүүлэг-2-той холбоотой нэмэлт мэдээлэл болон нийт хэлэлцүүлгүүдээс гарах санал зөвлөмжүүдийг жич хүргэнэ.

Идэвхтэй оролцсон МУИС-ийн эрдмийн хамт олондоо гүнээ талархаж байна.

АЖЛЫН ХЭСЭГ