МУИС-ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимээс уламжлал болгон зохион байгуулдаг “Public administration week” арга хэмжээний хүрээнд “Оюутан – Төгсөгч – Ажил олгогчийн уулзалт” 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Төрийн удирдлагын хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудад зориулан ажил олгогчдыг төлөөлөн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Удирдлага, зохион байгуулалтын хэлтсийн дарга, лектор багш Ж.Ганбат төрийн албаны үнэ цэнэ, төрийн албан хаагч болох тавигдах шаардлага, өөрийгөө ажлын байранд гарахад хэрхэн бэлтгэх талаар маш сонирхолтой лекц уншив.
Төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, олон улсын байгууллагад тус тус ажиллаж буй нийтийн удирдлагын тэнхимийн төгсөгчдийн төлөөллүүд оролцов.
- Б.Чойжилгарав, 2015 оны төгсөгч – ТАЗ-ийн Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын ахлах мэргэжилтэн – “Төрийн албан хаагчийн шалгалтад хэрхэн бэлтгэх вэ?”;
- Д.Ууганбаяр, 2017 оны төгсөгч – Өмнөговь аймгийн Номгон сумын ЗДТГ-ын дарга – “Орон нутагт ажиллахын давуу тал, хүндрэл бэрхшээл”;
- Р.Мөнхбилэг, 2018 оны төгсөгч – Дэлхийн банк, Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн “Нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх” бүрэлдэхүүн хэсгийн гадаад, дотоод сургалт хариуцсан зөвлөх – “Төрийн байгууллагад ажиллахад тулгарч буй хүндрэл бэрхшээл”;
- Э.Тэргэл, 2019 оны төгсөгч – Монголын Улаан Загалмай нийгэмлэгийн нөөц хөгжүүлэх багийн ажилтан – “Олон Улсын Байгууллагад ажиллахад оюутан байх хугацаандаа хэрхэн бэлтгэх”;
- О.Батбаяр, 2019 оны магистрын төгсөгч, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ ажлын албаны мэргэжилтэн “Ахисан түвшин суралцаж мэргэжлийн зэрэг ахиулахын давуу тал” сэдвээр тус тус лекц уншлаа.
Төгсөгчдийн зүгээс оюутнуудад ажлын байранд гарахад тулгарсан хүндрэл бэрхшээлүүд, түүнийг хэрхэн даван туулсан талаар, оюутан байх хугацаандаа өөрийгөө хэрхэн чадавхжуулах, ажиллах салбарын онцлогоос шалтгаалан ур чадвараа хөгжүүлсэн талаар өөрсдийн туршлагаас хуваалцлаа. Оюутнуудын зүгээс төгсөгчдөөс сонирхсон асуултуудаа асууж, ярилцан туршлагаас судалсан үр өгөөжтэй, үр дүнтэй сайхан уулзалт болж оюутнуудад өндөр сэтгэл ханамжтай байлаа.
Төгсөгч, ажил олгогч, багш, оюутны уулзалт нь Төрийн удирдлагын хөтөлбөрийн үр дүнг сайжруулах чухал ач холбогдолтой арга хэмжээ юм. Нийтийн удирдлагын тэнхимээс хөтөлбөрийн оролцогч талуудын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, бэхжүүлэх чиглэлээр тус уулзалтыг жил бүр тогтмол зохион байгуулан хөтөлбөрийн оюутнуудад хөтөлбөрийн онцлог, давуу тал, ач холбогдлыг таниулах зорилготой ажиллаж байна.
Энэ удаагийн уулзалтад оролцсон нийт оюутнууд, төгсөгчид, ажил олгогч нартаа нийтийн удирдлагын тэнхимийн зүгээс амжилт, бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн Удирдлагын тэнхим