Дижитал шилжилтийг даган нийгмийн салбар бүрд өөрчлөлт, шинэчлэлт хийгдэж, тэр хэрээр цоо шинэ ур чадвар, шинэ мэргэжил үүсэн төрөх болсон. Үүний нэг бол яах аргагүй Дата ур чадвар юм. LinkedIn компаниас 2020 онд гаргасан “Ажлын байран дээрх хамгийн эрэлттэй байгаа ур чадварууд” тайланд дэлхий дахинаа хамгийн эрэлттэй 10 ур чадварыг (hard skill) жагсаахад дөрвөн төрөлд нь дататай холбоотой буюу Аналитик үндэслэл гаргах, Хиймэл оюун ухаан, Бизнесийн дүн шинжилгээ хийх зэрэг дата ашиглах ур чадвар багтсан байдаг.
Энэхүү өндөр эрэлттэй, үнэ цэнэ нь улам бүр нэмэгдэх болсон ур чадварыг Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхимээс гарсан санал, санаачилгыг дэмжин ITZONE ХХК-тай хамтран ажиллах талаар 2020 оны 10-р сарын 21-нд МУИС, Бизнесийн сургууль ба ITZONE ХХК-ний хооронд Хамтран ажиллах санамж бичиг, гэрээг үзэглэж хамтын үйл ажиллагааг албан ёсоор баталгаажууллаа.
Энэ хамтын гэрээний хүрээнд “МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, оюутнуудыг чадавхжуулах” төсөл хэрэгжиж эхэллээ. МУИС-ийн Бизнесийн сургууль нь багш, оюутнуудынхаа мэдээллийн технологи ашиглах чадварыг дээшлүүлэх, ингэснээр багш, оюутны эрдэм шинжилгээ судалгаа болон сургалтын үйл ажиллагааг сайжруулах зорилт тавин ажилладаг ба энэхүү хамтын ажиллагаа нь МУИС-ийн эрдэмтэн багш, оюутнуудын сургалт, судалгааны үр дүнгээс гадна төгсөгчдийн ажлын байраар хангагдах боломжид сайнаар нөлөөлнө гэсэн хүлээлттэй байгаа юм.
Тус хамтын ажиллагааны хүрээнд Ай Ти Зон компани нь өгөгдөл бэлтгэл, анализ, дүрслэлийн программ хангамж болох Tableau BI-ийг нэг жил ашиглах эрхийг Бизнесийн сургуулийн нийт 2747 оюутан, 86 гаруй багшид олгож, уг программ дээр мэргэжлийн түвшинд ажиллах практик ур чадвар олгох сургалтуудыг зохион байгуулах юм.
Tableau нь их хэмжээний өгөгдөл датаг бэлтгэх, цэвэрлэх, дүрслэх шийдлээрээ дэлхийд тэргүүлэгч технологи хөгжүүлэгч бөгөөд тус компанийн албан ёсны түншээр 2016 оноос хойш тасралтгүй ажиллаж буй ITZONE ХХК нь албан ёсоор сургагч эрх бүхий 15 дата экспертүүдээрээ дамжуулан Анхан болон Ахисан түвшний дата аналитикийн сургалтуудыг академик түвшинд тусгайлан бэлдсэн программ, хөтөлбөрийн дагуу тус тус хэрэгжүүлдэг юм.
Ийнхүү нийгмийн хариуцлагынхаа хүрээнд боловсролын салбарыг дэмжин ажиллаж ирсэн ITZONE ХХК компани 195 орчим сая төгрөгийн өртөг бүхий биет болон биет бус хөрөнгө оруулалтыг МУИС, Бизнесийн сургуулийн эрдэмтэн багш төдийгүй бакалавр болон ахисан түвшний оюутнуудад хүргэж байгаад талархаж байна.